Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайдын томилгоог танилцуулах өчигдрийн чуулган ирц хүрээгүй шалтгаанаар ирэх долоо хоног руу “шидэгдсэн”. Ирц бүрдээгүй гол шалтгаан МАН-ын дотоод хуваагдлаас үүдэлтэй байв.
МАН-ын удирдах зөвлөл хуралдсаны дараа генсек нь “манай нам дотооддоо хуваагдсан асуудал байхгүй” гэж мэдэгдсэн. Гэтэл түүний хэлсэн худал болохыг үдээс хойших чуулганы ирц баталчхав.
30-ийн бүлгээс Д.Амарбаясгалан, Э.Болормаа, Б.Тулга, С.Лүндэг, Л.Оюун-Эрдэнэ, М.Ганхүлэг, Ж.Ганбаатар, О.Батнайрамдал, Н.Алтаншагай, С.Амарсайхан, А.Ариунзаяа, М.Энхцэцэг, О.Саранчулуун, Ц.Идэрбат нар ирсэнгүй. Үүн дээр томилолттой яваа хэдэн гишүүн нэмэгдэнэ.
Мөн ирцийг харвал Үндэсний эвслийн Н.Номтойбаяр тэргүүтэй дөрвөн гишүүн тэдэнтэй нэгджээ. Учир нь Н.Номтойбаяр, Д.Пүрэвдаваа, М.Сарнай, А.Ундраа нар чуулганаа таслав.
Ээлжит бус чуулганы өмнө гучийн бүлэг Булган аймагт уулзах үеэр Н.Номтойбаяр очсон. Хэрхэн нэгдсэн бэ гэдэг эндээс маш тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл МАН-ын гучийн бүлэг 34-ийн бүлэг болж, өргөжөөд байна.