Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд Б.Мөнхсоёл тэргүүтэй УИХ-ын гишүүд Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Үндсэн хуулийн холбогдох заалтыг сулруулж, Усны тухай хуульд 2025 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол орны усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсэд нийтийн зориулалттай дэд бүтцийн барилга байгууламж барих үүд хаалгыг нээснээр байгаль орчин, усны нөөцийг хамгаалах зайлшгүй хэрэгцээ шаардлага бий болоод буй.
Гол, усны онцгой хамгаалалтын бүсэд нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламжийг барихад газар шорооны ажил, суурийн цутгалтыг хийснээр усан сан бүхий газрыг бохирдуулж, үер усны гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлж, усны нөөцөд сөргөөр нөлөөлдөг аж.
Иймд усны онцгой хамгаалалтын бүсэд нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын дээр, доор байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламж барихыг хориглох зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг боловсруулсан байна.
Байнгын хорооны хуралдаан

Түүнчлэн энэ өдөр буюу 2026 оны 10 сарын 1-ний пүрэв гарагт УИХ-ын байнгын хороод хуралдах товтой байсан.
Энэ дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 51.7 хувийн ирцтэй эхэлсэн. Ийнхүү Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтсон юм.
Хууль, зүйн байнгын хорооны хурал 60.7 хувийн ирцтэйгээр эхэлж, 2 асуудал хэлэлцсэн юм. Тодруулбал, Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилох тухай тогтоолын төслийг байнгын хорооны гишүүдийн 57.1 хувийн саналаар дэмжиж, УИХ-д танилцуулахаар тогтжээ. Харин Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахтай холбогдуулан шинжээч томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэхээр болов.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 13:30 цагт эхлэх байсан ч ирц бүрдэхийг хүлээж байгаа буюу одоогоор 32 гишүүний 16 гишүүн нь ирцээ бүртгүүлээд байна. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 16:00 цагт эхлэх товтой ч одоогоор эхлээгүй байна.
Энэ мэтчилэн Өргөдлийн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэж байгаа юм.