2024 оны парламентын сонгуульд МАН ялалт байгуулсан. Тэд одоо УИХ-д 68 суудалтай, эрх баригчид. Тус нам тасралтгүй 10 жил Монгол Улсыг сонгуулийн үр дүнгээр удирдаж байна. Энэ хугацаанд жил бүр иргэд тэмцэж, жагслаа. Төлбөртэй, төлбөргүй гэдгээс үл хамаарч жагсах шалтгаан байсаар байна. Өчигдөр, өнөөдөр ч мөн адил.
Гэхдээ жагсах шалтгаан эхэндээ өнөөдрийнх шиг айл өрх бүрийн хаалгаар орсон, хүн нэг бүрийн халаасыг тэмтэрсэн, ААН-ийг холгосон, өнөө маргаашийн амь зуулга байсангүй. Эндээс улс орны нөхцөл байдал, иргэдийн амьжиргаа хэрхэн уруудан доройтсоныг анзаарч болох болов уу.
Төрд гарахын тулд улстөрчид, нам эвслүүд амлалт өгдөг. Тэр бол мөрийн хөтөлбөр. Тэнд дандаа гоё, сайхан зүйл дурайж, ирээдүйг амлаж бичсэн байдаг. Гэвч биелүүлж, хэрэгжүүлдэг нь тун цөөн.
Хамгийн сүүлийн жишээ бол эрх баригч МАН-ын 2024 оны мөрийн хөтөлбөр. Тус мөрийн хөтөлбөрөөс биежээгүй амлалтуудыг сануулъя.
Залуучууд
- Хөдөлмөрийн хуулинд тусгагдсан цахимаар, зайнаас, гэрээс, цагаар ажиллах болон богино хугацааны хөдөлмөр эрхлэх боломжуудыг өргөжүүлж шинэ ажлын байр бий болгох бодлого баримтална
- Залуучуудын бизнес эрхлэх боломж, гарааны бизнес эрхлэх нөхцөлийг нэмэгдүүлнэ
Гэр бүл
- Тогтвортой гэр бүлийг дэмжих бодлого хэрэгжүүлж, дундаж давхаргыг тэлнэ
- Ганц бие өрх болон өрх толгойлсон эцэг, эхэд ээлтэй тогтолцоог хөгжүүлнэ
Ахмад настан
- Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг үргэлжлүүлж, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ
- Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, мэдлэг туршлагаа залуучуудад өвлүүлж үлдээх нөхцөлийг бүрдүүлнэ
Малчид
- Орон нутагт тэгш бус байдлыг арилгаж алслагдсан бүс нутагт чиглэсэн нийгмийн хамгаалал, боловсрол хөгжлийн бодлого хэрэгжүүлнэ
- Бүх сумдын эмнэлгийг туулах чадвар сайтай орчин үеийн тээврийн хэрэгслээр ханган, Старлинкийн интернетэд холбон малчид, хөдөө орон нутгийн иргэдэд алсын зайн эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээний үйлчилгээг үзүүлнэ
Эрэгтэйчүүд
- Идэвхтэй, бүтээлч иргэн, гэр бүлийг төлөвшүүлэх бодлогын хүрээнд “Аав, эрчүүд”, “Чанартай амьдрал-аавуудын оролцоо” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ
- Эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн бодлогыг шинэчлэн батална
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэгш хүртээмжтэй дэд бүтцийн стандартыг бүх төрлийн орон сууц, худалдаа үйлчилгээний байгууллагуудад 100 хувь мөрдүүлж, мэдээллийн тэгш байдлыг хангана
Ажилтан
- Нийгмийн даатгалын хуримтлалаар хөрөнгө оруулалт хийх, нийгмийн даатгал төлөгч бүр орон сууцтай болох боломжийг бүрдүүлэх зорилгоор тэтгэврийн нөөц санг мөнгөжүүлнэ
- Зайнаас болон цагаар ажиллах ажил эрхлэлтийн уян хатан зохицуулалтыг бий болгож иргэдийн нэмэлт орлого олох боломжийг нэмэгдүүлнэ
Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд
- Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулах бодлого баримтална
- Төрөөс үзүүлж буй нийгмийн халамж, тусламж, үйлчилгээг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлнэ
Орон сууц
- Баялгийн сан, Нийгмийн даатгалын сангаар дамжуулан төр, хувийн хэвшлийн түншлэлээр иргэдийг орон сууцжуулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ
- Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж буй эхний гурван жилд 3 хувийн зээлийн хүүтэй, ипотекийн зээлийн 6 хувийн хүүтэй хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
- “Миний ажилтан орон сууцтай” хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчид болон ажилтандаа орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлсэн хувийн хэвшлийн ААН-үүдэд хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ