Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсан таалал төгсөөд 28 жил өнгөрлөө.
1998 оны аравдугаар сарын 2-ны энэ өдөр Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зориг гэртээ халдлагад өртөж, 36 насандаа амиа алдсан билээ.
Жил бүрийн энэ өдөр ард түмэн болон улс төрчид түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ дагуу АН-ын удирдлагууд болон иргэд түүний хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
АН-ын дарга О.Цогтгэрэл “С.Зориг агсны хэрэг гарснаас хойш 28 жил өнгөрлөө. Энэ хугацаанд С.Зориг агсны хэрэг бол зөвхөн улс төрийн ашиг хонжоо хайдаг, улстөрчид биесээ буруутгадаг арга хэрэгсэл болоод хувирчихсан байгаа нь тун харамсалтай. АН-ын зүгээс тус хэргийг нээлттэй болгох ёстой, шаардлагатай тохиолдолд УИХ-ын сонсголууд явуулах ёстой гэх байр суурийг судалж байгаа. Мэдээж мөрдөн байцаалттай холбоотой хууль зүйн асуудлууд байгаа. Гэхдээ 28 жил өнгөрчихсөн хэргийг бид аль болох нээлттэйгээр ярих ёстой гэсэн байр суурьтай байна. Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрэгт холбогдон шалгагдаж байсан Т.Чимгээд төсвөөс байр өгсөн асуудлыг олж мэдсэн. Монгол Улсад гурван шатны шүүхээс гэм буруутай гэж тогтоосон этгээдэд хоёр ч удаа төсвөөс байр өгсөн асуудал бол харамсалтай л санагдаж байна. С.Зориг агсны хэрэг дээр АН-аас Ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа” гэх мэдээллийг өгсөн юм.
Эргэн сануулахад, уг хэрэгт иргэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг яллагдагчаар татан, гэм буруутайд тооцож, 2017 оны наймдугаар 4-ний өдөр Улсын дээд шүүхээс тус бүр 20 жилийн хорих ял оноосон байдаг. Гэвч 2021 оны тавдугаар сарын 14-нд шинээр илэрсэн нөхцөл байдлыг үндэслэн УДШ гурван шатны шүүхийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулахаар прокурорт буцаасан. Ийнхүү 2023 онд Нийслэлийн прокурорын газар хэрэгт цугларсан нотлох баримт хангалтгүй, гэмт хэрэг үйлдсэн нь бүрэн тогтоогдоогүй, эргэлзээтэй нөхцөл байдалтай гэж үзэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Тэгвэл Хотын дарга асан Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар иргэн Т.Чимгээд 2021, 2025 онд тус бүр 2 өрөө орон сууц олгож байсан баримт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дэлгэгдээд байгаа юм.