Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамирыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар сэлгэн томилсон. Б.Мөнхтамирын хувьд 2017-2025 он хүртэл “МИАТ” ТӨХК-д ажиллаж, 2021-2025 онд гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байв. Өөрөөр хэлбэл “МИАТ”-ийг одоогийн түвшинд авчирч, хөл дээр нь босгосон гэгддэг хүн.
Харин 2025 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр түүнийг БОУАӨ-ийн дэд сайдаар томилсон байдаг. Товчхондоо “КОП-17” талуудын бага хурлыг гардан зохион байгуулах үүргийг Б.Мөнхтамирт тохов. Тохов гэдэг нь тухайн үеийн салбарын сайд нь жижигдсэн хэрэг л дээ. Ингээд “КОП-17” хурал зохион байгуулалтын хувьд амжилттай болж өндөрлөв.
ХЭРВЭЭ, гэдэг эрсдэлээс айсан, зохион байгуулалтаас ч холуур дөлж явсан улстөрчид, гишүүд, сайд, дарга нар харин сайныг нь далимдуулан очиж зургаа даруулж, бичлэг хийж өөрсдөө хийсэн мэт аашилж байв.
Тэгвэл одоо Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар томилж, шатахууны асуудлыг түүнд үүрүүлэх гэж буй бололтой. Г.Дамдинням шатахууны гуйлга гуйх, Б.Мөнхтамир гуйх хоёрт ялгаа байхгүй болов уу. Иргэдийн бухимдлаа илэрхийлдэг бай л солигдож байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, одоогийн нөхцөлд шатахууны хомсдолоос гаргана гэдэг биелэгдэшгүй даалгавар шүү дээ. Сайд солигдоод, өөр хэн нэгэн хүн ирээд шийдэгдчих асуудал огт биш. Тэгэхээр тэр зүгээр л дараагийн Г.Дамдинням болно оо гэсэн үг.