Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хууль батлагдсан нь өнгөрсөн парламентын үед хийгдсэн эрх зүйн хамгийн дэвшилттэй, чухал реформуудын нэг байв. Энэхүү хууль батлагдсанаар гүйцэтгэх засаглалд тавих парламентын хяналт бодитой болж, иргэдийн мэдэх эрхийг хангах, төрийн үйл ажиллагааг нээлттэй, шилэн болгоход асар том дэвшил гарсан.
Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын механизм бүрэлдсэнээр Хөгжлийн банк, Нүүрсний хэрэг зэрэг олон жил бугшсан томоохон хэргүүдийн зангилааг тайлж, нээлттэй сонсголын ач холбогдлыг нотлон харуулж чадсан билээ.
Харамсалтай нь, 126 гишүүнтэй энэ удаагийн парламентын үед энэхүү дэвшилтэт хуулийн мөн чанар бүрэн гээгдээд байна. Улстөрчдийн олон нийтэд зөв, буруугаар ч хамаагүй танигдах хүсэл, түүнд хүрэх популист арга зам нь ялих шалихгүй ямар ч хамаагүй сэдвээр сонсгол хийдэг хэлбэрээр илрэх боллоо. Энэ байдлаараа парламент гишүүдийнхээ ор хөнжил рүү нь орж, хэн нэгнийг лаа барьж суусан гээд гэрчээр дуудаж мэдэхээр байна.
Энэ байдал үнэндээ иргэдийн мэдэх эрхийг бодитой хангах бус, хэн нэг улстөрчийн олонд хүрэх зорилгын биелэл болж төгсөх болжээ. Эцэстээ энэ бүхэн эсрэгээрээ хууль тогтоох дээд байгууллага, түүний хянан шалгах механизмын нэр хүндийг унагаж, төрд итгэх олон нийтийн итгэлийг сулруулах хүчин зүйл болоод байна.
Сонсголын сэдэв хэрхэн хөнгөн хуумгай, инээдэмтэй болж байгаагийн ердөө нэг жишээ бол Жеффри Эпштейний хэрэгтэй холбогдуулан сонсгол зохион байгуулсан явдал байлаа. Парламентын хяналт шалгалтыг телевизийн шоу, энтертайнмент контент болгож хувиргасан нь маш эмгэнэлтэй.
Хэрэв ийм зарчмаар явбал цаашид иргэн Е.Тэмүүжин өөрийн төрсөн дүү болох Е.Бэгтэрийг харваж алсан түүхэн асуудлаар ч сонсгол хийж мэдэхээр байна. Чингис хаан ч төрийн өндөр албан тушаалтан байсан тул ийм асуудлаар сонсгол хийж, сенсаци тарих улайрсан улстөрч гараад ирэхийг үгүйсгэхээргүй болов.
Иймээс УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, сонсгол зохион байгуулах сэдэв, шалгуурыг нарийн хуульчилж, тодорхой болгох шаардлага нэгэнт тулгарчээ.
Өндөр хөгжилтэй ардчилсан улсуудын парламентад хяналтын сонсгол хийх сэдвийг маш тодорхой заагласан байдаг. АНУ-д хууль тогтоох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, төсвийн зарцуулалтад хяналт тавих, гүйцэтгэх засаглалын бодлогын алдааг илрүүлэх, үндэсний аюулгүй байдалд хамаарах зөвхөн улс орны эрх ашигтай холбоотой томоохон асуудлаар Конгрессын сонсгол зохион байгуулдаг.
Харин Их Британид Засгийн газрын бодлогын хэрэгжилт, төсвийн зарцуулалт, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ хийх зорилгоор парламентын сонсголыг хийдэг. Эсрэгээрээ хувь хүний гэмт хэрэг, ердийн хэрэг шалгах үүргийг хууль сахиулах, шүүх байгууллагад нь үлдээж, парламент нь зөвхөн бодлогын хэрэгжилт, төрийн эрх мэдэлд анхаарлаа хандуулдаг зарчмыг манай хууль тогтоомжид ч суулгах цаг нь болжээ.