Гадаад улсын тагнуулын сүлжээ, зохион байгуулалттай гэмт бүлэглэл, том хэмжээний авлигын хэргийг ердийн байцаалтаар илрүүлдэггүй. Нууц гүйцэтгэх ажлын үр дүнд нийгэмд аюулгүй байдал бүрдэж, үндэсний аюулгүй байдал хангагддаг. Тиймээс тусгай албадад иргэдийг тагнах, чагнах, нууцаар мөрдөх эрхийг хуулиар олгосон байдаг.
Гэхдээ… цар хүрээг нь тодорхойлох боломжгүй, шаардлагатай гэж үзвэл хэнийг ч тагнах эрхтэй байгууллагууд үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх нэрийн доор хүний эрхийг зөрчвөл яах вэ. Бүх зүйл нь далд явагддаг гүйцэтгэх ажилд хэн, хэрхэн хяналт тавьдаг вэ гэх асуулт эндээс урган гарч байна.
Хуулиар ТЕГ, АТГ, ЦЕГ, ШШГЕГ болон Цэргийн тагнуулын байгууллага гэх таван байгууллага л гүйцэтгэх ажил явуулах эрхтэй. Нийгэмд эдгээр байгууллагууд “дур мэдэн” хэнийг ч тагнаж болдог гэх ташаа ойлголт байдаг.
Үнэн хэрэгтээ Улсын Ерөнхий прокурорын газар мэдээллийн нэгдсэн сүлжээ бүхий байдлаар бүх гүйцэтгэх ажиллагаанд зөвшөөрөл олгох, бүртгэх, хянах ажлыг хэрэгжүүлдэг. Иргэний харилцаа холбоог чагнах, мөрдөх, орон байранд нууцаар нэвтрэх зэрэг нууц ажиллагаа явуулахдаа прокуророос урьдчилан зөвшөөрөл авч, хяналтын дугаараар бүртгүүлдэг.
Прокурорын зөвшөөрөлгүй гүйцэтгэх ажил явуулах нь хууль бус бөгөөд прокурорын хяналтгүй цуглуулсан нотлох баримт шүүх дээр яг л идсэн чихрийн цаас шиг хэнд ч хэрэггүй хог гэж тооцогддог.
Ийнхүү аль байгууллага хэнийг ямар аргаар, хэдий хугацаанд тагнаж байгааг бүртгэлжүүлдэг. Прокурор эргээд зөвшөөрөл олгосон гүйцэтгэх ажил тус бүрийн биелэлтийг нэг бүрчлэн нягтлах замаар гүйцэтгэх ажлын явцад хүний эрх зөрчигдөж буйг хянадаг.
Гүйцэтгэх ажилд тавих хяналт зөвхөн үүгээр дуусахгүй. Хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ мөн хяналт хэрэгжүүлдэг. Өмнө нь, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дэргэдэх Тусгай хяналтын дэд хороо гүйцэтгэх ажилд хяналт тавьж ирсэн.
Нийгэмд УИХ-ын гишүүд хуулийн байгууллагын дарга нарыг дуудаж авчраад хэнийг тагнаж, чагнаж, хэнийг мөрдөж байгааг яриулдаг, хавтаст хэрэгтэй нь танилцдаг гэх буруу ойлголт түгсэн байдаг. Бодит байдал дээр гишүүн ч бай, сайд ч бай тодорхой хэрэг болон нууц гүйцэтгэх ажилтай танилцах эрх байхгүй. Байж ч болохгүй. Энэ нь өөрөө мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, нууц задруулах эрсдэлтэй. Хамгийн гол нь гэмт хэрэг юм.
Тэгвэл парламент яг ямар процессоор гүйцэтгэх ажлыг хянадаг вэ.
УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо нь гүйцэтгэх ажлын журам болон хуулийн биелэлтэд системээр нь хяналт тавьдаг. Энэхүү ажил нь дараах механизмаар явагдана:
- Хаалттай тайлан сонсох: буюу тусгай албадын дарга нараас гүйцэтгэх ажлын нэгдсэн статистик, журам, хуулийн хэрэгжилтийн тайланг авч прокурорын бүртгэлийн тайлантай тулган нягталдаг.
- Иргэдийн гомдлоор хянах: буюу “Намайг хууль бусаар тагнаж, чагнаж хүний эрх зөрчлөө” гэх иргэдийн гомдлын мөрөөр тухайн байгууллагаас шаардлагатай мэдээллийг татан авч, прокурорын хяналт хуулийн дагуу тавигдсан эсэхийг шалгадаг.
Харин 2026 оны аравдугаар сараас эхлэн гүйцэтгэх ажилд тавих парламентын хяналтыг салбарлуулан мэргэшүүлж, хоёр тусдаа байнгын хороонд хуваан шинэ бүтцээр хариуцуулсан. Энэ нь, үндэсний аюулгүй байдал болон хууль сахиулах гэсэн хоёр өөр онцлогтой салбарыг нэг тогоонд хутгахгүйгээр зааглах шаардлагаас үүдэлтэй юм.
Ингэснээр гадаад заналхийлэл, геополитик, төрийн болон албаны нууц, тагнуулын сүлжээ зэрэг үндэсний аюулгүй байдалтай холбоотой нууц асуудалд хяналт тавих чиг үүрэг нь Гадаад бодлого, аюулгүй байдлын Байнгын хорооны дэргэдэх Улсын аюулгүй байдлын Тусгай хяналтын дэд хороо хариуцах болсон.
Харин Өдөр тутмын гэмт хэрэгтэй тэмцэх, нууц мөрдөн шалгах болон гүйцэтгэх ажил явуулах явцад иргэдийг хууль бусаар тагнаж чагнах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиг үүрэг нь Хууль зүйн Байнгын хорооны дэргэдэх Хууль сахиулах ажиллагааны Тусгай хяналтын дэд хороонд хамаарах болсон.
Тус дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Лүндэг ажиллаж буй.
- Дарга: УИХ-ын гишүүн С.Лүндэг
- Харьяа салбар: ТЕГ, Батлан хамгаалах салбар
- Чиг үүрэг: Үндэсний аюулгүй байдалтай холбоотой нууц асуудалд хяналт тавих]
Харин Өдөр тутмын гэмт хэрэгтэй тэмцэх, нууц мөрдөн шалгах болон гүйцэтгэх ажил явуулах явцад иргэдийг хууль бусаар тагнаж чагнах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиг үүрэг нь Хууль зүйн Байнгын хорооны дэргэдэх Хууль сахиулах ажиллагааны Тусгай хяналтын дэд хороонд хамаарах болсон. Харин тус дэд хорооны даргаар саяхан Эпштейны асуудлаарх сонсголыг даргалснаараа олонд танигдаад буй Б.Баярбаатар гишүүн сонгогдоод байна.
- Дарга: УИХ-ын гишүүн Б.Баярбаатар
- Харьяа салбар: ЦЕГ, АТГ, ШШГЕГ
- Чиг үүрэг: Иргэдийг хууль бусаар тагнаж чагнах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хянах.]