УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Хуулийн төсөлд 13 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэж, хэрэглэхийг хориглох, 13-16 насны хүүхдэд зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтыг тохиргоотой ашиглуулах зохицуулалтыг тусгаад байна. Мөн эцэг эхийн хяналт тавих боломжийг бүрдүүлэх, хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалах, хориотой болон хүүхдэд хортой агуулгаас сэргийлэх технологийн хамгаалалт зэрэг агуулгыг оруулжээ.
УИХ-ын гишүүн П.Наранбаяр,
“Эцэг, эх хүүхдүүдээ гар утсаар ямар контент үзэж байгааг мэддэг, цахим халдлагын талаар мэдэх шаардлага үүсээд байна. Иймд хүүхдийнхээ ашиглаж буй нийгмийн сүлжээний талаар мэдлэгтэй байх, сургалт, зөвлөгөөг мэргэжлийн байгууллагаас авах гэх зэргээр эцэг, эхийн эрх үүргийн талаар төслийн наймдугаар зүйлд тодорхой тусгасан” гэв.
Харин Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин,
“Эцэг эхчүүдэд хариуцлага хүлээлгээд хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг бүрэн хянаж чадахгүй. Иймд технологийн шийдлийг хамгийн бие даасан, найдвартай шийдэл гэж үзсэн. Үүрэн телефоны компаниуд тусгай зөвшөөрөл аваад үйлчилгээ эрхэлдэг бөгөөд энэ хүрээнд хүлээсэн үүрэгт нь утасны дугаар олгохдоо иргэний бүртгэл болон насны бүртгэл хийлгэхээр тусгасан. Ингэснээр хууль хэрэгжих боломж бүрдэнэ” гэлээ.