Сангийн сайд З.Мэндсайхан анхны төсвийнхөө уяа сойлгыг тааруулж чадсангүй. Тэрбээр ирэх онд 41.3 их наяд төгрөгийн орлого, 43.6 их наядын төгрөгийн зарлагатай буюу 2.3 их наядын алдагдалтай төсвийн төслийг оруулж ирсэн. Өмнөх оноос бараг 10 их наядаар тэлсэн төсөв анхнаасаа олон асуулт, эргэлзээг дагуулсан. Тэр дундаа Оюутолгойн ногдол ашиг болох 3 их наяд төгрөгийг хэрхэн зарцуулах вэ гэх асуудал хамгийн том асуултын тэмдэг болж байв.
Засгийн газрын хувьд ногдол ашгийн 2 их наяд төгрөгөөр эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийж, үлдсэн 1 их наяд төгрөгийг Баялгийн сангийн хуулийн дагуу иргэдийн хуримтлалын санд төвлөрүүлэх шийдлийг танилцуулсан. Гэхдээ тэд хоёр алдаа гаргасан.
Эхнийх нь, Засгийн газар бодлогоо шууд хэрэгжүүлэх ёстой байтал ард түмнээсээ асуухаар шийдсэн. Ард түмний аж амьдрал туйлдчихсан байгаа энэ үед иргэд мөнгөө бэлнээр нь авна гэдэг үр дүн гарах нь анхнаасаа бараг л ойлгомжтой байсан.
Дараагийнх нь, Сангийн сайдын манлайлал дутсан. 3 их наяд төгрөгийг бэлнээр тараавал эргээд үнийн өсөлтөө барьж дийлэхгүй. Улсаараа илүү их хохирол амсана гэдгийг тэр огт яриагүй. Өөрөөр хэлбэл, төсвөө хамгаалаагүй. Ерөнхий сайд нь л бэлэн мөнгө тараавал талх 10 мянган төгрөг болох эрсдлийг чуулганы танхимд анхааруулсан. Үүнийг олон нийтэд ойлгуулах дээр З.Мэндсайхан сайдаас манлайлал эхлэл ёстой байв.
Гэвч тэрээр 2027 оны төсвийг өргөн барьсан цагаасаа хойш Ерөнхий сайдынхаа ард нуугдсан. Уг нь 2027 оны төсөв бол түүний хувьд Сангийн сайдын хувьд өргөн барьж буй анхны төсөв нь юм.
Улмаар З.Мэндсайхан сайдын харизмгүй байдал сөрөг хүчин болон МАН доторх сөрөг хүчний улстөрчдийн олз болж дууссан. Хамгийн түрүүнд О.Батнайрамдал Оюутолгойн ногдол ашгийг ард түмэнд бэлэн мөнгөөр тараах ёстой гэх популизмыг эхлүүлсэн. Араас нь, ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчид болох АН-ын Л.Гантөмөр, О.Цогтгэрэл нар буухиаг түүчээлсэн юм.
Үр дүнд нь Засгийн газар Оюутолгойн 3 их наяд төгрөгийг 2 болон 1 их наяд төгрөгөөр хуваан зарцуулах хувилбараа татсан. Хамгийн хачирхалтай нь, энэ хүртэл төсвөө огт хамгаалаагүй, гал атгаж байнгын хороод дээр гарсан зарчмын зөрүүтэй популист саналуудтай огт тэмцээгүй З.Мэндсайхан сайд “төсвийн төсөл нь танигдахын аргагүй боллоо” гэх хачирхалтай үгийг өөрийн амаар хэлсэн байдаг.
Мэдээж жил бүрийн л төсөв батлах хэлэлцүүлэг популизм, улс төрийн шантаажтай тулдаг. Гэхдээ төсвийн төсөл хэзээ ч 2, 3 их наядаар ингэж хэрчүүлж байсан удаагүй.
Түүнийг ийнхүү унтаа горимоор төсвөө батлуулах гэж мунгинаж явах зуур Оюутолгойн экспорт доголдож ирэх онд 3 их наяд төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэх эсэх нь эргэлзээтэй болсон гэх мэдээлэл ч гараад байна. Энэ бол З.Мэндсайхан сайд анхнаасаа төсвөө боловсруулахдаа уг эрсдэлийг тооцоолоогүй байсныг илтгэнэ. Угтаа төсөв бооно гэдэг хурдан морь сойхтой ижил зүйл биш.
Ингээд өчигдөр Сангийн сайд маань Ерөнхийлөгчийн өрөөнд толгой дохиж суугаа дүр зураг харагдсан. Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгч популист уралдаанд нэгдэж, 3 их наядын ногдол ашгийг ард түмэнд тараах шийдлийг санал болгосон.
З.Мэндсайхан сайд өчигдрийн тухайд “хуульд өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг тодорхой болгох замаар” ногдол ашгийг иргэдэд бэлнээр тараах чиглэлд ажиллана гэх агуулгатай зүйл ярьсан. Энэ бол танхимынхаа зарчмыг зөрчсөн үйлдэл. Харин өнөөдөр “Ерөнхийлөгчийн санаачилгыг хүндэтгэж байгаа ч бэлэн мөнгө тараах боломжгүй” гэж мэдэгдлээ.
Ингээд харвал ард иргэдийг төөрөгдүүлэх хамгийн гол шалтгаан нь ийнхүү хоёр үзүүртэй зүйл ярьж буй Сангийн сайдын туйлбаргүй байр суурь өөрөө болж байна.