УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр чуулганы индрээс Оюу толгойн ногдол ашгийг иргэдийн хүслээр дансанд нь шилжүүлэх хэрэгтэй гээд битүүхэн хэлчихлээ. Ингэхдээ нийтийн өргөдөлд 100,000 иргэн гарын үсгээ зурж, дэмжсэн учраас дуу хоолойг нь сонсох ёстой гэдэг байдлаар санаагаа халхавчлав. Угтаа бол энэ түүний иргэдээс оноо авах санаархал байх магадлалтай.
Тэрбээр ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас горилж байгаа горилогчдын нэг. Парламентад таван удаа сонгогдож, 18 жил тасралтгүй УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа. Энэ хугацаанд Зам тээвэр, Хууль зүй, Батлан хамгаалахын сайд болон ЗГХЭГ-ын даргаар томилогдож ажилласан. Одоо УИХ-ын дарга. Түүний хүрээгүй албан тушаал гэвэл Ерөнхий сайд, Ерөнхийлөгч л байна.
Нас, туршлага гээд бүх болзлоо хангаж байгаа тэр Ерөнхийлөгчийн суудал руу зүтгэх нь мэдээж. Хэлж, ярьж байгаа үг, хийж буй үйлдлүүдийг нь анзаарвал хэнд ч ойлгомжтой. Иргэдээ бодох ёстой, гишүүд ажлаа хий, төлөөллийн үүргээ гүйцэтгэх ёстой. Гадаа амьдрал сайхан биш байна зэргээр цуцашгүй ярих болсон. Хамгийн сүүлд иргэдийн зээлийн төлөлтийг хойшлуулах агуулга руу ч хошуу дүрэв. Нэмээд долоо хоног бүр ажлаа тайлагнаж, заал хэсэж, ууланд алхаж байгаагаа хүртэл бичлэгээр цацаж байгаа харагдсан.
Энэ бүхэн түүний Ерөнхийлөгч болох гэсэн, нэр дэвшчих юм сан гэх дотоод санаархлын бодит илэрхийлэл юм.