ХЭҮК-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, шинэ гишүүдийн сонгон шалгаруулалт эхэллээ.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна гэж заасан байдаг.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, гишүүн Г.Нарантуяа, Х.Мөнхзул, Ж.Хунан, Б.Энхболд нар 2020.11.06-ны өдөр томилогдож байсан. Тиймээс 2026.11.06-нд дээрх таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, орны гишүүдийг томилох асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцсэн.
Байнгын хорооны ажлын хэсэгт ирүүлсэн гишүүнд нэр дэвшигчдийн анкетаас 20 иргэнийг сонгон шалгаруулалтад бүртгэлээ. Эдгээр нэр дэвшигчдээс дараах шаардлагыг хангасан таван хүнийг сонгож, ХЭҮК-ын гишүүнээр сонгоно.
– Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн нь хууль зүйн дээд боловсролтой,
– Эрх зүйч мэргэжлээр арваас доошгүй жил ажилласан туршлагатай,
– Хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байсан туршлага, мэдлэг, чадвартай,
– Эсвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Энэ чиглэлд мөрдөгч, өмгөөлөгч, прокурор, шүүгчээр таваас доошгүй жил ажилласан байх шаардлага тавигддаг.
Улмаар шаардлага хангасан нэр дэвшигчдийг дараах үе шаттайгаар сонгон шалгаруулна:
1. ХЭҮК-ийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай зарыг “www.parliament.mn” цахим хуудас болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлдэг. Энэ удаагийн сонгон шалгаруулалтын зарыг 2026 оны 10 дугаар сарын 22-ноос 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17:30 цаг хүртэл олон нийтэд нээлттэй байршуулсан байна.
2. Дараад нь ажлын хэсэг томилогдож, ХЭҮК-ийн гишүүн болох шаардлагыг хангасан иргэн нэр дэвших тухай хүсэлтээ өгдөг. Оролцогчдын бүртгэлийн шийдвэр гармагц тэдний талаарх мэдээллийг цуглуулж тайлан бэлтгэнэ. Ийм үе шаттайгаар одоогоор 20 гишүүнийг бүртгэж аваад байгаа юм.
3. Одоо ажлын хэсгийн боловсруулсан тайланг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, томилгооны сонсгол зохион байгуулах юм.
4. Эцэст нь Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчдийг Комиссын гишүүн болоход тавигдах шаардлагыг хангасан эсэх талаар санал, дүгнэлт гарган УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж шийдвэрлүүлдэг.
Тэгвэл ажлын хэсгийн танилцуулгад багтсан 20 нэр дэвшигчээс хуульч, эрх зүйч чиглэлээр мэргэшсэн оролцогчдоос онцолбол,

Чулуунбатын Ханддулам. Монгол Улсын төрийн алба, шүүхийн захиргааны салбарт шинжээч, ахлах шинжээч, референт, хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тэрбээр ШЕЗ-д ажиллаж байх үедээ ажлын байрны бэлгийн дарамтын шинжтэй үйлдлийг эсэргүүцэж, холбогдох асуудлыг хөндөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалсны дараа албан тушаал бууруулах, улмаар ажлаас чөлөөлөх шийдвэр гарсантай холбогдуулан шүүхэд хандсан. Уг маргааны хүрээнд ажил олгогчийн шийдвэр, үйл ажиллагааг хууль бус болохыг шүүх тогтоож байв.

Эрдэнэбилэгийн Эрдэнэжамъян нь 2012 онд Хууль зүйн дэд сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд даргаар ажиллаж байсан. Э.Эрдэнжамъян нь 2014 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын авлигын хэрэгт холбоотой гэгдэх Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсний улмаас тус эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолгуулж байсан. Түүний энэ үйлдлийг шүүхээс гэм буруутайд тооцож, тодорхой албан тушаал эрхлэх эрхийг нь хасах ял оноож байсан түүхтэй.

Батзэвэгийн Энхболд нь эрх зүйч мэргэжилтэй. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн. Тэрбээр 6 жилийн комиссын гишүүн байх бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй гишүүдийн нэг юм. Гэвч хуулиараа дахин нэг удаа улиран томилогдох эрхтэй.

Даньхүүгийн Баянбилэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан.

Дондовдоржийн Гэрэл нь Монголын хуульч, хүний эрхийн төлөө тэмцэгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалагч. Монголын хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч юм.