Ч.Номин Соёлын сайдаар ажиллаж байхдаа “Go Mongolia” үндэсний брэндийг олон улсад сурталчлах зорилгоор Английн Премьер лигийн “Фүлхэм” клубтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байдаг.
Гэвч Монгол Улсын Засгийн газраас гэрээний үлдэгдэл төлбөр болох нэг сая ам.долларыг төлөөгүй учир тус баг манай улсын Засгийн газрыг олон улсын Арбитрын шүүхэд өгсөн. Тэгвэл энэ хэрэг дээр манай улс ялах магадлал бараг байхгүй аж.

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр:
Ч.Номингийн “Фулхэм” багтай байгуулсан гэрээний улмаас үүссэн 6.5 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг Монгол Улс төлөх шийдвэр гаргасан. Хэрвээ манай улс уг нэхэмжлэлийг төлөхгүй гэж шүүхээр явбал ялах магадлал бараг байхгүй. Бид “төлөхгүй” гэж шүүхээр яваад ялагдчихвал бүр их зардал татвар төлөгчдийн мөнгөнөөс гарна.
Ч.Номингийн хувьд энэ асуудал дээр ямагт өөрийгөө өмгөөлсөн, хамгаалсан байр суурьтай байдаг.

Соёлын сайд асан, ЦХХХ-ны сайд Ч.Номин:
Би Засгийн газрын шийдвэрийг биелүүлсэн төдий. Энэ асуудлаар намайг АТГ шалгаж байгаа нь Г.Занданшатар даргын зүгээс явуулж байгаа “бодлого” болов уу. Хэсэг бүлэг хэвлэл болон АТГ-ыг дохиур шигээ ашиглаж байна. Монгол Улсын аялал жуулчлал нэмэгдсэн гэдгийг аялал жуулчлалын байгууллагууд бүгд хэлнэ.
Уг асуудлыг эргэн сануулбал, Ч.Номин нь Соёлын сайдаар ажиллаж байхдаа “Go Mongolia” үндэсний брэндийг сурталчлах зорилгоор “Фулхэм” клубтэй гэрээ байгуулж, тамирчдын бие халаалтын өмсгөл дээр уг уриалгыг байршуулсан байдаг. 2024–2025 оны улирлыг хамарсан нэг жилийн хугацаатай “Go Mongolia” брэндийг сурталчлах гэрээний нийт үнийн дүн ойролцоогоор 1.5 сая фунт стерлинг буюу хоёр сая ам.доллар байжээ.
Гэвч ССАЖЯ албан мэдэгдэлдээ 500 мянган ам.долларын гэрээ байгуулсан гэж дурддаг.

Гэрээний хүрээнд:
- “Go Mongolia” гэсэн бичиг бүхий логог “Фүлхэм ФС” багийн лигийн тоглолтын үеэрх бэлтгэлийн хувцсанд харуулах,
- Улаанбаатар хотод Марк Шварцер тэргүүтэй мэргэжилтнүүд оролцсон уулзалт зохион байгуулах (Уг ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сарын 9-нд зохион байгуулсан)
- Монголын өсвөрийн 11 тоглогчийг Лондон дахь багийн академийн бэлтгэлд хамруулсан,
- “Discover Mongolia” цуврал контентыг клубийн сошиал сувгаар дэмжих ажил зохион байгуулжээ.
Онцлон сануулахад, “Go Mongolia” лого нь тоглолтын үеэр өмсдөг үндсэн тоглолтын өмсгөл дээр бус, клубийн бэлтгэлийн хувцас, хэрэгсэл дээр байрших нөхцөлтэй байсан гэдэг.
“Фулхэм” клубтэй байгуулсан гэрээнээс гадна “Go Mongolia” төслийн хүрээнд BBC-тэй 500 мянга, CNN-тэй 1.7 сая, үндэсний брэндинг хийдэг дэлхийн хамгийн том компани болох Edelman-тэй 1.5 сая ам.долларын гэрээ буюу нийтдээ 5.9 сая ам.долларын сурталчилгааны хамтын ажиллагаа хэрэгжүүлсэн байдаг. Үүнээс Ч.Номинг Соёлын сайдаар ажиллаж байх хугацаанд 2.1 сая ам.долларыг төлжээ.
[…] Ч.Номин Соёлын сайдаар ажиллаж байхдаа “Go Mongolia” үндэсний брэндийг сурталчлах зорилгоор Английн Премьер лигийн “Фүлхэм” клубтэй 2024–2025 оны улирлыг хамарсан нэг жилийн гэрээ байгуулсан. Нийт хоёр сая ам.доллар (ойролцоогоор 1.5 сая фунт стерлинг)-ын үнийн дүнтэй уг гэрээний үлдэгдэл төлбөр болох нэг сая ам.долларыг Засгийн газар төлөөгүйгээс тус клуб Монгол Улсын Засгийн газрыг олон улсын Арбитрын шүүхэд өгөөд байгаа юм. […]