Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ
Тус хуулийн төслийг баталбал:
Авлига, албан тушаалын гэмт хэрэг болон бусад нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан, учруулж болзошгүй нөхцөл байдлын талаар мэдээлсэн Шүгэл үлээгчийг хамгаалах, дэмжих, нууцлал, аюулгүй байдлыг хангах, өш хонзон, дарамт шахалтад өртөхөөс сэргийлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
Гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогын хүрээнд зөвхөн гэрч, хохирогчийг хамгаалах бус, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид, шүгэл үлээгч, хүний эрхийг хамгаалагч, тэдгээрийн гэр бүлийг гэмт халдлага, аюул, заналхийллээс хамгаалах, шүүхийн аюулгүй байдлыг хангах, яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжлах нэгдсэн тогтолцоо, механизмыг бүрдүүлэх аж.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн:
Шүгэл үлээгч мэдээллээ баримт, эх сурвалж, шалгаж тогтоох боломжтой нөхцөлд тулгуурлан гаргасан бөгөөд тухайн үедээ үнэн гэж үзэх хангалттай үндэслэлтэй байсан бол мэдээлэл гаргасных нь төлөө иргэний, захиргааны болон сахилгын хариуцлага хүлээлгэхгүй. Шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол хамгаалалтын арга хэмжээг нэн даруй авна.
Түүнчлэн Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Төсөл батлагдсанаар,
-Хохирогч дахин хохирдог сөрөг үзэгдлийг таслан зогсооно.
-Гэрчийн аюулгүй байдлыг бүрэн хангаснаар гэмт хэргийн шийдвэрлэлт шуурхай болж, нуугдмал гэмт хэргүүд илэрнэ.
-Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааг мэргэжлийн байгууллага нь мөрдөгч, прокурор, шүүхээс хараат бусаар бие даан хэрэгжүүлнэ.
-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх эрх хангагдана.
-Хамгаалалтад авах субъектийн хүрээ өргөжиж, хүний эрхийг өргөн хүрээнд хамгаалах боломж бүрдэнэ.
-Хүний эрхийг хангасан гэрч, хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоо бэхжиж, хамгаалалтын арга хэмжээний чанар, хүртээмж нэмэгдэнэ.
-Шүүн таслах ажиллагааг аюулгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангаж, шүүгчийн хараат бус байдлыг ханган, шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ гэж үзлээ.