Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2026.11.11/ болж, хэлэлцэх явцад оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн, нотолбол зохих байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэн, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаажээ.
Тодруулбал, хохирогч буюу НЗДТГ-аас мөрдөн байцаалтын шатанд оролцож байсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөө өөрчилсөн тухай албан бичгээр мэдэгджээ. Гэтэл түүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр зохих журмын дагуу тогтоогоогүй, хэргийн материал танилцуулаагүй нөхцөл байдал нь мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан гэж дүгнэх үндэслэлтэй.
Яллагдагч Т.Даваадалай нь өөр хэрэгт мөн яллагдагчаар татагдсан баримтаа шүүхийн шатанд гарган, хэргийг нэгтгүүлэх хүсэлт гаргасан нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх үндэслэлтэй байх тул хэргийг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэжээ.
Түүнчлэн аливаа албан тушаалтны холбогдсон гэмт хэрэг нь түүнд хууль тогтоомжоор олгогдсон албаны эрх мэдэл байдаг бөгөөд түүнийг урвуулан ашигласан тохиолдолд хууль зүйн үр дагавар үүсгэдэг бөгөөд маргаан бүхий тендерийг шалгаруулсан албан тушаалтнуудын шийдвэрээр дээрх нэр бүхий шүүгдэгч нарт давуу байдал үүссэн байх тул тухайн шийдвэр гаргасан албан тушаалтнуудын үйлдлийг дахин шалгах шаардлагатай аж.
Иймд дээрх нөхцөл байдлуудаас гадна шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагатай нөхцөл байдал тогтоогдсон тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар болжээ.