Монгол Улсын Дээд шүүх “Акуа гарден” гэх тодотголтой, “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 2026 оны арваннэгдүгээр сарын 11-нд хянан хэлэлцэж, нийслэлийн Засаг даргын “Эм энд Жи констракшн” ХХК-д олгосон газар эзэмших эрхийн захирамжийн холбогдох хэсгүүдийг хууль бус байсныг тогтоолоо.
Тодруулбал, бидний сайн мэдэх “Авлига хороолол” гэх тодотголтой барилгын компани тухайн хэсэгтээ гурван нэгж талбар бүхий газрыг эзэмшиж буй. Одоогоор 1780610404 гэх нэгж талбарын дугаартай газар дээрээ 4 блок орон сууц барьчихсан. Үлдсэн газар буюу 1780610402, 1780610403 гэх нэгж талбарын дугаартай хэсгүүд дээр хараахан барилга барьж эхлээгүй байгаа юм.
Дээд шүүх эдгээр гурван газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан хэсгүүдийн талаар дараах шийдвэрийг гаргажээ.

Нэгдүгээрт, дөрвөн блок орон сууц барьсан 1780610404 дугаартай газрын хамгаалалтын бүстэй давхацсан хэсгийн газар олголт хууль бус байсныг тогтоосон байна.

Хоёрдугаарт, барилга бариагүй 1780610402, 1780610403 дугаартай хоёр газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийслэлийн Ерөнхий архитекторын “2022 оны ХТХ2022/00-189 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүллээ.
Архитектор төлөвлөлтийн даалгаврыг түр хугацаанд түдгэлзүүлсэн тул барилга бариагүй байгаа газар дээр шинээр барилга барих боломжгүй гэсэн үг.
Шүүхийн мэдээлэлд дурдсанаар гурван нэгж талбарын Дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан хэсгүүд хууль бус байсныг тогтоосон. Нийслэлийн Засаг дарга 2018 оны А/1111 дүгээр захирамжаар 2013 онд ногоон байгууламжийн зориулалтаар олгосон 11.8 га газрын хэмжээ, зориулалтыг өөрчилсөн байна. Тодруулбал,
-29,444 ам метр газрыг үйлчилгээний,
-79,875 ам метр газрыг үйлчилгээ, усан парк, спорт цогцолборын,
-2,642 ам метр газрыг үйлчилгээний зориулалттай болгон тус тус өөрчилжээ.
Гэвч эдгээр өөрчлөлтийн зарим хэсэг нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг зөрчсөн гэж Дээд шүүх үзсэн байна.
Уг хуулийн заалтаар усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барихыг хориглодог.
Иймээс усны онцгой хамгаалалтын бүсэд цаашид барилга байгууламж барих зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх олгохгүй байх нь нийтийн эрх ашгийг хамгаалах чухал үндэслэл гэж шүүх дүгнэжээ.
“Онч шийдэл” НҮТББ-ын зүгээс нийгмийн нийтлэг эрх ашиг, байгаль орчныг хамгаалах зорилгоор ийнхүү нэхэмжлэл гаргаж, 2022 оноос хойш дөрвөн жилийн турш тууштай ажилласны эцэст Улсын Дээд шүүх дээр ялалт байгууллаа.
Гэхдээ Дээд шүүхийн шийдвэр нь “Акуа гарден” хотхоны бүх барилга байгууламжийг хууль бус гэж тогтоосон, эсвэл дөрвөн блок орон сууцыг нураах шийдвэр гаргасан гэсэн үг биш юм. Шүүх гурван нэгж талбарын Дунд голын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан хэсгийн газар олголтын хууль ёсны байдлыг шийдвэрлэсэн бөгөөд баригдсан барилгын цаашдын хувь заяаны талаар шийдвэр гараагүй байна.