Зарим гишүүд гавьяа байгуулахгүй ч гай тарихгүйхан шиг чимээгүй орших нь Монголчуудад тустай ч юм шиг.
Өнгөрсөн 7 хоногт “Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх” тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Уг төсөл дунд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр нэг санаачилга хавчуулсан нь “Их эзэн Чингис хааны эш зургийг архи, тамхины шошго дээр ашиглахыг хориглох” байв.
Их хааныхаа хөргийг хаа хамаагүй ашиглах нь түүх, төрт ёсны өв уламжлалыг хүндэтгэж буй хэрэг биш гэдэгтэй маргах хүн цөөн. Тэр ч бүү хэл, хааны хөрөгтэй бүтээгдэхүүнийг хэрэглэж дууссаны дараа зураг нь хог дээр хөглөрч үлдэх вий гэж эмзэглэх хэсэг ч бий. Гэвч аливаа асуудал хоёр талтай. Түүхэн өвөө хүндэтгэх нэрээр эдийн засаг, оюуны өмч, үндэсний брэндийн үнэ цэнээ орхигдуулж болохгүй.
Тухайлбал, “Chinggis Gold”, “Chinggis Khan” зэрэг бүтээгдэхүүнийг гадаадаас ирсэн зочдодоо бэлэглэж, Монгол Улсыг төлөөлүүлэн санал болгодог хүн цөөнгүй. Хэдийгээр эдгээр нь хувийн компанийн бүтээгдэхүүн боловч нөгөө талаас Монголын нэрийг гадаад зах зээлд таниулахад тодорхой хувь нэмэр оруулж ирсэн үндэсний брэндүүд юм.
Л.Гантөмөр гишүүний санаачилсан зохицуулалтаар Чингис хааны эш хөргийг согтууруулах ундаа, тамхины бүтээгдэхүүнд ашиглахыг хязгаарлаж, түүхэн хүний нэр төрийг хамгааллаа гэж бодъё. Гэтэл маргааш нь Хятад, Орос зэрэг улс Чингис хааны нэр, хөргийг ашигласан архи, тамхи үйлдвэрлээд дэлхийн зах зээлд борлуулж эхэлбэл бид яах вэ?
Монгол Улсын хууль зөвхөн өөрийн нутаг дэвсгэрт үйлчилнэ. УИХ-ын тогтоолоо бариад гадаадын үйлдвэрлэгчдэд шаардлага тавьж, бүтээгдэхүүнийх нь үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох боломжгүй. Өөрөөр хэлбэл, бид дотооддоо хэрэглээг нь хязгаарлаж болох ч дэлхийн зах зээлд Чингис хааны нэр, хөргийг хэрхэн ашиглахыг дангаараа хянах эрх зүйн боломжгүй.
Түүнчлэн Чингис хааны нэр, хөргийг бүтээгдэхүүнийхээ брэнд болгон ашиглаж, гадаадын зах зээлд хэдийнэ танигдсан үйлдвэрлэгчдэд энэ шийдвэр хэрхэн нөлөөлөх вэ? Тэдний экспортын зах зээл, эдийн засгийн ашиг сонирхол, оюуны өмчийн эрхтэй холбоотой асуудлыг урьдчилан судалсан уу? Болзошгүй хохирлын тооцоо, судалгааг олон нийтэд танилцуулсан уу?
Түүхэн өвөө хүндэтгэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ ийм шийдвэр гаргахдаа эдийн засгийн үр дагавар, бизнесийн орчин, олон улсын эрх зүйн зохицуулалтыг хамтад нь авч үзэх учиртай.
Шадар сайд, АН-ын даргын суудлаасаа бууснаас хойш аниргүйхэн оршиж байсан Л.Гантөмөр гишүүн гэнэт ухаан орж, ажил хийсэн мэт дүр эсгэхээр шийдсэн нь энэ.
Бас нэг хуулийн жишээ татъя. 2023 онд Ч.Ундрам, Ш.Адьшаа, П.Анужин, Т.Аубакир, Б.Саранчимэг нарын гишүүд Органик бүтээгдэхүүний хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан 2024 онд батлуулсан. Хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
Уг хуулиар шинээр байгуулах аж ахуйн нэгжийн нэрэнд “органик”, “ногоон”, “эко”, “экологийн”, “био”, “биологийн” зэрэг үг ашиглахыг хязгаарласан. Мөн эдгээр нэр томьёог бүтээгдэхүүний шошгонд дур мэдэн хэрэглэх боломжгүй болсон. Үүний цаана зах зээлд “эко”, “био”, “органик” гэсэн нэрийн дор чанаргүй бүтээгдэхүүн борлуулахаас сэргийлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилго бий. Гэтэл нөгөө талд аль хэдийн ийм нэртэйгээр үйл ажиллагаа эрхэлж байсан байгууллагуудын нэрийг улсын бүртгэлээс хүчингүй болгож, хүчээр өөрчлүүлж эхэлсэн байдаг.
Бүр нэрэнд нь “экономи” гэх үг орсон байгууллага руу улсын бүртгэлээс залгаад, нэрээ солихыг шаардсан удаатай. Ecology буюу байгаль орчин, Economy буюу эдийн засаг гэх хоёр өөр утгатай үгийг ялгаж салгаж чадахгүй хэмжээнд хууль, журмаа хэрэгжүүлнэ гэдэг төрийн байгууллагын чадамж, хяналтын тогтолцоонд эргэлзээ төрүүлэхээс аргагүй. Мэдээж дан ганц нэр солигдохгүй. Гэрчилгээ, тамга тэмдэг, банкны данс, татварын бүртгэл гээд байгууллагатай холбоотой бүх зүйл өөрчлөгдөж таарна. Татвар төлөгч, бизнес эрхлэгч нартаа ээлгүй төрийн бодлого нэг иймэрхүү.
Ажил хийсэн юм шиг харагдах гэж, болсон болоогүй хууль батлуулсан мэт дүр эсгэх гэж ядсан хэдэн гишүүдээс болж хор хохирол, шийтгэлийг нь иргэд, татвар төлөгч, бизнес эрхлэгчид үүрч байна.
Хууль санаачлах эрх бол гишүүдийн хувийн имиж бүрдүүлэх хэрэгсэл биш. Харин нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, иргэдийн амьдрал, бизнесийн орчныг сайжруулах хариуцлагатай бүрэн эрх юм.
Ийм хэрэгтэй гэхээсээ илүү хэрэггүй хууль санаачилдаг зарим нэг гишүүд гай болохгүйхэн шиг зүгээр “оршоод”, “амьсгалаад” байж байвал өлзийтэй юм шиг ээ.