Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар иргэдийн хувийн хэрэгцээний авто зогсоол, гараашийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх тухай УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар уг төслийг энэ оны тавдугаар сараас боловсруулж, есдүгээр сарын 11-нд D-Parliament цахим хуудсаар олон нийтийн санал авч, Засгийн газарт хүргүүлээд байсан юм. Харин Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх О.Батхүү E-Zasag.mn системээр “Гараашны татвар цуцлуулах” санаачилга гаргаж 20 хоногт 100 гаруй мянган иргэн дэмжсэн юм. Ийнхүү 100 гаруй мянган иргэний дэмжсэн “Гараашны татвар цуцлуулах” төслийг УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хуулийн төсөлд тусгахаар боллоо.
Шинэчлэгдсэн төслөөр Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн өмчилж буй хувийн хэрэгцээний гарааш, авто зогсоолын нэгийг үл хөдлөхийн татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгаж байна.
Цаг агаарын онцлог, эрс тэс уур амьсгалтай манай улсад гарааш нь тансаг хэрэглээ биш, өрхийн ахуйн хэрэгцээ тул татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.