Х.Нямбаатарыг хамаарал бүхий хуулийн этгээдүүдээ 20 гаруй тендерт хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон хэргээр шалгаж байна

2026-11-09
by

АТГ-аас хуулийн байгууллагуудын хамтарсан мөрдөн шалгах ажлын хэсгийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. 

Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдтэй холбогдуулан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх агуулгатай гомдол мэдээлэл АТГ-д бүртгэгдсэн. Уг мэдээллийн дагуу шалгалт эхлүүлж, 2026 оны тавдугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Мөрдөн шалгах ажлын цар хүрээ, ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан мөрдөх байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг байгуулах хүсэлтийг УЕП-ын газарт тавьжээ. УЕП-ын зүгээс хүсэлтийг хянаж үзээд, мөрдөн шалгах ажиллагааг хэд хэдэн байгууллагаар явуулах тухай тогтоол гаргасан. Уг тогтоолын дагуу АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг нь нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа 24 төсөл хөтөлбөр буюу Туулын хурдны зам, Шинэ тойрог авто зам, Сэлбэ дэд төв гэх төслүүдэд холбогдуулан хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагааг явуулж байна. Дээрх 24 төсөл хөтөлбөртэй холбогдуулан ажлын хэсгээс нийт зургаан хэрэг бүртгэлт нээжээ. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд их хэмжээний цахим файл, тендер сонгон шалгаруулалтын баримтууд, санхүүгийн баримтуудыг 40 гаруй удаагийн үзлэг, нэгжлэгийн явцад холбогдох байгууллагуудаас гаргуулжээ. Ийнхүү төсөл хариуцсан албан тушаалтнууд, үүнд оролцсон аж ахуйн нэгжүүдийн албан тушаалтнууд гэхчлэн ойролцоогоор 200 орчим хүнээс мэдүүлэг авч, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнүүдийг хязгаарлах, холбогдох материалуудад судалгаа шинжилгээ хийх, санхүүгийн мөрдлөг явуулах, мэргэжлийн байгууллагуудаас дүгнэлт гаргуулах зэргээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. 

Шалгасан зургаан хэргээс дөрвөн хүнд холбогдох нэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ. Мөн өнөөдрийн байдлаар нийт есөн хүнийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. 

Туулын хурдны замын төслийн явцад ойн сангийн 7.2 га талбай өртөж, ногоон бүсэд 352.2 сая төгрөгийн хохирол учирчээ

Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатар нь Туулын хурдны замын төслийн гүйцэтгэгчээр шалгарсан хуулийн этгээдэд төслийн урьдчилгаа төлбөр 500 тэрбум төгрөгийг олгохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн тодорхой заалтыг зөрчиж, санхүүжилтийн гүйлгээ хийх эрхийг өөрийн орлогч асан Т.Даваадалайд шилжүүлж, хуульд заасан шаардлага хангаагүй байхад, хуульд заасан баталгаа гаргах эрхгүй этгээдээр баталгаа гаргуулан уг урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэн энэ оны есдүгээр сарын 25-нд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татжээ.

“Санхүүжилтийн эрх шилжүүлэх гэх ойлголтыг тайлбарлавал: 

Тухайн үед НЗДТГ-ын Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Г гэх албан тушаалтан “Урьдчилгаа төлбөрийн 500 тэрбум төгрөгийг шилжүүлэх боломжгүй. Хуульд заасан үндэслэл, шаардлага хангаагүй байна” гэж үзэн санхүүжилтийн эрхийг нээхээс татгалзсан аж. Гэтэл Х.Нямбаатар нь тус санхүүжилтийн эрхийг уг албан тушаалтнаас өөрийн орлогч асан Т.Даваадалайд шилжүүлэн, гүйлгээг хийлгэжээ. 

Сэжигтэн Х.Нямбаатарт дуудан эрүүлэх хуудсыг удаа хүргүүлсэн ч ирээгүй бөгөөд шалгалтаар тэрбээр энэ оны наймдугаар сарын 10-нд Монгол Улсын хилээр гарсан байна.  Тиймээс түүний хаяг байршлыг тогтоохоор ЦЕГ-ын Интерполын үндэсний товчооны ажлын албаар дамжуулан олон улсын цагдаагийн байгууллагад хаяг байршлыг нь тогтоолгохоор  хандаад байна. Албан бус мэдээллээр Канад улсад түр оршин сууж байгаа гэх мэдээлэл байна. 

Монгол болон Канад нь эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй ч Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нэгдсэн улсууд юм. Тиймээс гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийнх нь нутаг дэвсгэрт байвал тухайн улсад нь шилжүүлэн өгөх хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд зохих олон улсын байгууллагад хүсэлт хүргүүлжээ. 

Туулын хурдны замтай холбоотой хэрэг дээр сэжигтэн Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт буруутгаж, яллагдагчаар татжээ. 

Мөн Туулын хурдны замын гүйцэтгэгч компанийн арилжааны банкны 14 дансанд байгаа 339 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг царцаасан. Үлдсэн 160 тэрбум төгрөг нь төсвийн үйл ажиллагаанд зарцуулсан нь тогтоогджээ.

Туулын хурдны замын төслийг хэрэгжүүлэх явцад Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн сангийн 7.2 га талбай өртсөн. Өөрөөр хэлбэл, Туулын бургасан ойг шилжүүлж байж төслийг хэрэгжүүлэх байтал бургасан ойг шилжүүлэхгүйгээр нийт талбайг хавтгайруулан огтлолт хийсэн. Үүний улмаас нийслэлийн ногоон бүсэд 352.2 сая төгрөгийн хохирол учруулсныг ойн мэргэжлийн байгууллагууд тогтоосон. 

Шинэ тойрог авто замын төсөлтэй холбоотойгоор Т.Даваадалай болон бусад этгээдийн 6.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ

Шинэ тойрог авто замын төслийн урьдчилсан ТЭЗҮ, зураг төсөл нэртэй 16,9 тэрбум төгрөгийн тендерийг зарлаж, Т.Даваадалай нь өөрийн хамаарал бүхий гурван этгээдтэй нийлж, хууль бус тендер шалгаруулсан. Энэ үндэслэлийн дагуу Т.Даваадалай болон хууль бус ажиллагаанд оролцсон гурван албан тушаалтныг хууль бус тендер шалгаруулж, их хэмжээний ашиг олсон, эх үүсвэрээ нуун далдалж мөнгө угаасан гэмт хэрэгт татан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2, 18.6.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан. Ийнхүү мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурор руу шилжүүлсэн.

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэргийг хүргүүлжээ. Одоогоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг зарлаагүй байна.

Уг хэрэгт холбогдуулан Т.Даваадалай болон бусад этгээдийн 6.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон мөнгөн хөрөнгийг битүүмжилж хамгаалжээ.    

Сэлбэ дэд төвийн төсөлтэй холбоотойгоор НИТХ-ын төлөөлөгчийг шалгаж байна

Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах төслийн 4-2 дахь багц буюу 994 айлын 14 блок барилгын төсөл нь нийт 223.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Үүнд нэр бүхий хуулийн этгээдийг сонгон шалгаруулахдаа тендер хариуцаж байсан албан тушаалтнууд нь бусдад эдийн засгийн давуу байдал олгосон гэх үндэслэлээр мөрдөн шалгаж байна. Уг хууль бус ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч этгээд нь өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийг тендерт шалгарахад оролцсон гэж үзэж байгаа аж.

Хэрэгжиж буй нийт төсөл хөтөлбөрүүдтэй холбогдуулан Хотын дарга асан Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий хүн, хуулийн этгээдүүдийг нийтдээ 20 гаруй тендерт хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон байж болзошгүй гэх асуудлыг мөн шалгаж байна. Тухайлбал, 

  1. Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий, нэгдмэл ашиг сонирхолтой С гэгч хүний үүсгэн байгуулсан нэр бүхий хуулийн этгээдийг 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгын зураг төсөл боловсруулах ажлыг 3.8 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэх тендерт хууль бусаар шалгаруулсан.
  2. Энэ хуулийн этгээдийг 2025 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Соёлын төв өргөөний эх барилгын засварын ажлыг 678 сая төгрөгөөр хийж гүйцэтгэх ажилд мөн хууль бусаар шалгаруулсан.
  3. 2023 оны есдүгээр сард Хэнтий аймгийн Бэрх тосгоны 640 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг 1.7 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх төсөвт өртөгтэй тендерт хууль бусаар шалгаруулж санхүүжилт олгосон байж болзошгүй гэх хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

11 сар 2026
М Т W Т F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Previous Story

Ерөнхийлөгч хуулийн байгууллагуудад шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн эсэхийг шалгах үүрэг өгчээ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Ерөнхийлөгч хуулийн байгууллагуудад шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн эсэхийг шалгах үүрэг өгчээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр шатахууны хангамж, нийлүүлэлтийн асуудлаар холбогдох яамдын сайд болон хууль хүчний байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, үүрэг өгчээ. Тэрбээр олон улсын нөхцөл байдал хүнд

ҮХЦ-ийн дарга, гишүүдийн цалинг 6.9-7.2 сая төгрөг болгон нэмлээ

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар есөн асуудал хэлэлцэхээс гурван асуудлыг эцэслэн баталлаа. Тухайлбал, Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг

С.Бямбацогтын мессежүүд

УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр чуулганы индрээс Оюу толгойн ногдол ашгийг иргэдийн хүслээр дансанд нь шилжүүлэх хэрэгтэй гээд битүүхэн хэлчихлээ. Ингэхдээ нийтийн өргөдөлд 100,000 иргэн