УИХ-ын Баасан гарагийн /2026.11.13/ чуулган эхэллээ. Одоогоор чуулганы системд 95 гишүүн ирцээ бүртгүүлэн, 75.4 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Гэвч системд бүртгүүлээгүй чуулганы танхимд орж ирсэн гишүүдийг ирцээ бүртгүүлэхийг УИХ-ын дарга сануулж байна.
Хуралдааны эхэнд С.Эрдэнэболд нарын гишүүдийн санаачилсан Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал явуулав. Ийнхүү 106 гишүүний 97 /91.5 хувь/ нь дэмжив.
Уг хуулийн төсөлтэй хамт дөрвөн хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасныг мөн хэлэлцэх эсэхийг дэмжсэн юм. Тодруулбал,
- Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 87.7 (93/106 гишүүн) хувийн дэмжлэгтэйгээр
- Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 87.7 (93/106 гишүүн) хувийн дэмжлэгтэйгээр
- Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 90.6 (96/106 гишүүн) хувийн дэмжлэгтэйгээр
- Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 89.6 (95/106 гишүүн) хувийн дэмжлэгтэйгээр тус тус хэлэлцэх эсэхийг дэмжив.
Ийнхүү Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Индексжүүлсэн даатгалын тогтолцоо нь хур тунадас, температур, хөрсний чийг, сумын дундаж ургацын хэмжээ зэрэг албан ёсны үзүүлэлтэд тулгуурлан нөхөн төлбөр олгоход орших бөгөөд сайн дурын үндсэн дээр хэрэгжих юм. Ингэснээр нөхөн төлбөр олголт илүү шуурхай, ил тод, зардал багатай болох боломжтой аж.
Чуулганаар үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зүйл заалт бүрээр нь уншиж, нэг бүрчлэн санал хурааж байна.