А.Намсаманд: Би хэн нэгэн сайдад “Хууль бус үүргийг нь биелүүлнэ” гэж тангараг өргөөгүй

2026-09-14
by

ШШГЕГ-ын дарга, Бригадын генерал А.Намсаманд болон тус байгууллагын алба хаагч нар ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан болон тус яамны газрын дарга Д.Дамдинцэрэн, ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Мөнхдөл нартай холбоотой асуудлаар шүгэл үлээж, мэдээлэл хийлээ. 

ШШГЕГ-ын дарга, Бригадын генерал А.Намсаманд: 

– ШШГЕГ-ын үйл ажиллагаа хэвийн мэт боловч зарим нэг дотоод үйл ажиллагаа хэвийн бус байна. Дан ялангуяа хорих ангиудын аюулгүй байдалд аюултай нөхцөл үүсэж болзошгүй байна. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өндөр үнэтэй зарим нэг материалуудад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, хууль журмын дагуу үүргээ хэрэгжүүлж болохгүй байна. 

ХЗДХ-ийн сайдаас цагдаагийн байгууллагын зарим алба хаагчдад хууль бус үүрэг өгсөн байж магадгүй гэдэг мэдээлэл ихээр нийтлэгдэх боллоо. Дээрх мэдээлэлтэй холбоотой хэвлэлийн мэдээ, холбогдох албаны байр суурийг манай байгууллагын зүгээс анхааралтай ажиглаж байна. Мөн тус мэдээлэлтэй төстэй буюу манай байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл үүсгэж, аюулгүй байдалд эрсдэл учирч тун болзошгүй байдлууд бий болоод байгаа учир өнөөдрийн мэдээллийг хийж байна. 

  1. Тодруулбал, ХЗДХ-ийн сайдын шууд томилдог, ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга гэж бүх хорих анги, байраа хариуцдаг албан тушаалтан байдаг. Энэ хүн удаа дараа Төрийн болон Албаны нууцын тухай хуулийг зөрчсөн. Хорих байгууллагын аюулгүй байдал гэдэг бол зөвхөн энэ байгууллагын аюулгүй байдал биш. Хорих байр байрлаж байгаа бүс нутаг, орон нутгийн аюулгүй байдал, цаашлаад улс орны аюулгүй байдлын тухай асуудал яригддаг, хамаардаг. Бид дор бүр нь засаж залруулах ёстой. Удаа дараа ноцтой зөрчил гаргаж, байгууллагын аюулгүй байдлын үйл ажиллагаанд ноцтой хор хохирол үүсгэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулахаар төлөвлөж байна. 
  2. ХЗДХ-ийн сайдаас агентлагийн даргын шууд томилох эрх бүхий албан тушаалтан, алба хаагчийг, тухайлбал, хуулийн болон албан тушаалын тодорхойлолтод бүрэн нийцээгүй албан тушаалтнуудыг дэвшүүлэн томилуулах шаардлагыг тавьдаг. Одоо ч тавьсаар, шахсаар байгаа. Ёс ёмбогор, төр төмбөгөр гээд яамаа, сайдаа хүндлээд тодорхой томилгоонуудыг хийсэн. Тухайлбал, ХЗДХ-ийн сайд өөрийнхөө жолоочийн эхнэрийг дарга болго гэсэн. “Төр хур” амралт, сувиллын дарга болгосон. Мөн жолоочийнхоо төрсөн дүүг дарга болго гэсэн. Архангай аймаг дах ШШГГ-ын дарга болгосон. Яамны хяналт шалгалтын газрын дарга, Бригадын генерал Д.Дамдинцэрэнгийн хүргэн дүүг дарга болго гэсэн. Төв аймагт бас л даргаар томилсон. Гэтэл дахиад шахсаар л байгаа. Зарим нэгэн томилгоог нь хийхгүй, томилохгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг, шахдаг, шаарддаг, сүрдүүлдэг. 
  3. Улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүсийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн өр төлбөртэй материалыг яамнаас шууд удирддаг. Монгол Улсын шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч гардан зохион байгуулна. Ахлах шийдвэр гүйцэтгэгч хяналт тавина. Улсын ерөнхий гүйцэтгэгч дараагийн шатанд хяналт тавина гэсэн гуравхан субъект л байдаг. Яамны хяналт шалгалтын газрын дарга Д.Дамдинцэрэн өрөөндөө дуудаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удирдаж болохгүй. Амаараа үүрэг өгдөг. Бичгээр үүрэг өгдөггүй. Манай байгууллагын үйл ажиллагааг мэддэг, олон жил ажиллаж байсан, манай байгууллагын дарга байсан, генерал цолтой хүн тэнд ахлах шийдвэр гүйцэтгэгчээ дуудаад үүрээг өгөөд, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гацааж, удаашруулах нь зохимжгүй байна. 
  4. Улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүсийн компани гэж сая хэллээ. Тухайлбал, ХЗДХ-ийн сайдын хамаарал бүхий компани 4 сая гаруй долларын өр төлбөртэй байгаа. Дахиад танхимынх нь 53 тэрбум төгрөгийн материал шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байж л байгаа. Дээрх материалуудын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль номын дагуу явуул гэх үүрэг чиглэлийг өгсөн. Гэвч дахиад л манай сайд хэлэх хэлэхгүй үгээр хэлж байгаа. 
  5. Би 20-30 жил хорих байгууллагад ажилласан. Ажлаас шалтгаалж сайдах, муудах зүйл зөндөө бий. Гэхдээ ажил үүргээ хэвийн гүйцэтгэсний төлөө янз бүрийн доромж үгээр хэлүүлэх үнэхээр зохимжгүй байна. “Чам мууг байранд чинь тавина аа. Ажлыг чинь авна” гэх мэт. Ийм байдлаар төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэнэ гэж байхгүй. Би хэн нэгэн сайдад хууль бус үүргийг нь биелүүлнэ гэж тангараг өргөөгүй. Би Монгол Улсын хуулийг биелүүлнэ гэж монгол төрийн өмнө тангараг өргөсөн, төрийн дээд цолтой, төрийн тусгай албан хаагч гэдгийг онцлон хэлмээр байна. 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль ёсоор хэрэгжүүлэх гэхээр бас л гацаадаг. Нөгөө л яамны хяналт шалгалтын газрын дарга. Яамнаас өгсөн үүрэг гэх амаар өгсөн үүргийг алба хаагч нар биелүүлж эрсдэлд орох юм уу, тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагчийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа хууль номын дагуу явуулах ёстой юм уу гэх эргэлзээтэй, хүчгүй, сулбагар, үлбэгэр, өөрсдийгөө эрсдэлд оруулсан байдлыг алба хаагч нартаа би байнга төрүүлмээргүй байна. Энэ бүр хэрээс хэтэрлээ. Тиймээс алба хаагчдаа өмөөрч, хамгаалж энэ мэдэгдлийг хийлээ.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

Л.Энх-Амгалан Н.Учралын талд гэдгээ илэрхийлж, нам доторх сөрөг хүчнийхээ эсрэг тэмцэв

Next Story

Баян-Өлгийн удирдах албан тушаалтнуудад Ерөнхийлөгчийн өгсөн 6 үүрэг