Улстөрчдийн зодоон, төрийн ордны хэрүүл, тэмцэл утгаа алдаад удлаа. Хууль, шүүхээр шийдүүлдэг, шийддэг ч юмгүй болжээ, бид. Үнэн худал нь мэдэгдэхгүй үлгэр, домог шиг зүйл ярьцгаадаг. Нийгэмд шууд хаяж өгдөг. Иргэд талцаад л өнгөрдөг. Ийм дүр зураг өдөр бүр давтагдаж байна.
Халаас халаасандаа явдаг, хаяагаа хадарч болохгүй гэдэг улстөрч, эрх мэдэлтнүүдийн зангидсан тор нэг талаараа урагдах гээд байх шиг. Атал ганц л бохир зам дагаж энд ирцгээсэн тэдний хэн хэнд нь ачигдах хэмжээний ноо байдаг бололтой. Тэгээд л уралцахаас өөрийг чаддаггүй гэхэд хол зөрөхгүй.
Сонсвол бидний мэдэхгүй ертөнц тэдэн дунд бий. Чих дэлдийж, нүд бүлтиймээр, ой тойнд багтамгүй хэрэг төвөг, үйлдлийг тэр тэгсэн гээд жишим ч үгүй ярьдаг. Нөгөө нь үгүйсгээд, хариу дайралт хийдэг. Төгсгөлийн хамгийн “гоё” үг нь “хөтлөлцөж очоод шалгуулъя”. Гэвч одоогоор хөтлөлцөж очоод шалгуулсан “хос хэрүүлч” тодроогүй л байна.
Товчхондоо хэн нь ч чадахгүй болов уу. Нөгөө талд, тэр муу муухайг нь мэдсээр байж яагаад өмнө нь сөхөөгүй вэ. Тийм төрлийн фактуудыг өөрийгөө хамгаалах зорилгоор хадалцгаадаг гэсэн үг үү. Зорилго нь наймаалцах л юм уу. Тэгвэл шударга үнэн нь хаана байна вэ. Иргэд хэнд нь итгэх вэ зэрэг олон асуулт хөвөрнө.
Өнөөгийн дүр зургаар бол улстөрчдөд үнэн, шударга гэдэг үг огтоос зохихгүй байна. Тиймээс хэнд нь битгий итгэ!