Баян-Өлгий дэх Казахстаны консулын газар: БОЛОМЖ УУ, БОЛГООМЖЛОЛ УУ?

2026-06-29
by

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж, тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай уулзсан билээ. Энэхүү уулзалтаар хэд хэдэн чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсоны дотор Баян-Өлгий аймагт Казахстан Улсын Консулын газар байгуулах асуудал багтсан юм. Угтаа бол энэ асуудлыг Казахстаны талаас сүүлийн 10 гаруй жилийн турш дипломат шугамаар хөндөж байгаа аж.

Консулын газар гэж юу вэ?

Түүхийг сөхөөд харвал, XIX зууны сүүл үеэс Сибирьд төмөр зам тавигдан, Хаант Оростой худалдаа хийх явдал өргөжиж, Оросын худалдаачид Монголд ирэх болсон үеэс консулын харилцаа үүссэн гэж үздэг. 

Ийнхүү 1860 онд Өргөө хотод Оросын Консулын газар нээгдсэн бол 1870-1880 онд Ховд, Улиастай, Шивээ Хиагт (Алтанбулаг)-д Консулын газар байгуулагдаж байжээ. 

Харин орчин цагт мөрдөгдөж буй  Консулын харилцааны тухай Венын Конвенцыг 1963 оны 4-р сарын 24-ний өдөр баталж, 1967 оны 3-р сарын 19-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Манай улс уг конвенцод 1988 оны 6 сарын 20-нд нэгдэн орсон аж. 

Энэхүү конвенц нь улс орнуудын хооронд консулын харилцааг зохицуулдаг олон улсын эрх зүйн хамгийн гол тулгуур баримт бичиг юм.

Консулын газар гэдэг нь гадаад улсын тодорхой нэг хотод байрлаж, тэнд амьдарч, аялж буй өөрийн орны иргэдэд туслах (виз, паспорт олгох, эрхийг нь хамгаалах) болон соёл, худалдааны чиглэлийг дэмжих зорилготой “иргэдэд үйлчлэх дипломат цэг” юм. 

Тэгвэл Венын Конвенцын 5-р зүйлд Консулын чиг үүргийг тусгаж өгсөн байдаг. Товчхондоо Казакстаны консулын газрыг Баян-Өлгийд байгуулбал Венын конвенцод тусгасан чиг үүргийн дагуу дараах гол ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:

  • Монгол Улсад байгаа Казакстан Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд хамгаалах.
  • Хоёр улсын хооронд худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
  • Казакстан улсын иргэдэд паспорт, буцах үнэмлэх олгох, Казакстан улс руу зорчих хүсэлтэй хүмүүст виз олгох.
  • Нотариат, иргэний бүртгэлийн чиг үүргийг гүйцэтгэх зэрэг багтах аж. 

Яагаад Улаанбаатар биш Баян-Өлгий гэж?

Монгол Улсад бүр Улаанбаатар хотод Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам байрладаг. Элчин сайдаар нь Эрхэмсэг ноён Алмас Сейтакынов төлөөлөн суугаа. 

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсын нийт хүн амын 3.9-4.0 орчим хувийг казах угсаатан эзэлдэг бөгөөд ойролцоогоор 130,000 орчим казах угсаатан бий. Энэ бол Монгол Улсын иргэншилтэй казах угсаатан гэсэн үг. Тэгвэл эдгээр иргэдийн 76.5 хувь нь Баян-Өлгий аймагт оршин суудаг.

Улаанбаатар хотоос илүү Баян-Өлгий аймаг яалт ч үгүй Монгол дахь казах үндэсний хамгийн их төвлөрөлтэй бүс гэдэг нь тодорхой.

Түүнчлэн тус аймгаас Казакстан улс руу зорчих иргэдийн тоо ч харьцангуй өндөр. Тиймдээ ч өнгөрсөн 4-р сард болсон Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг эхлүүлэхээр болж, нэмээд Баян-Өлгий-Өскемен чиглэлийн шууд нислэгийг сэргээх талаар хоёр улсын Ерөнхийлөгч нар санал нэгдсэн болов уу. 
Энд мөн харилцан адил тэгш байх асуудал ч хөндөгдөж байгаа. Учир нь Монгол Улсаас Казакстан Улсад суух Элчин Сайдын Яам Астана хотод байрладаг. Мөн Алматы хотод манай улсын Консулын төлөөлөгчийн газар бий. Тиймээс л Казакстан улс манай улсын адилаар Баян-Өлгий аймагт Консулын газар байгуулах хүсэлт тавьж байгаа болов уу. 

Ташрамд, манай улсад хоёр ч консулын газар үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

  • ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий консулын газар юм.
  • БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газар 

Консулын газар байгуулснаар ямар давуу тал бий болох вэ?

Хамгийн нэгдүгээрт дурдагдах зүйл бол иргэдийн эрх ашиг хангагдана. Хоёр улсын бизнес эрхлэгчид виз, бичиг баримт, зөвшөөрөл зэргээ заавал 1600 км замыг туулж, Улаанбаатар хот руу явахгүйгээр орон нутагтаа шийдвэрлэдэг болсноор цаг хугацаа, зардлаа хэмнэх боломжтой болно. 

Мөн Баян-Өлгий аймаг нь Казакстан улстай газар зүйн хувьд ойрхон тул “Цагааннуур” чөлөөт бүс болон “Даян” боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх, бараа бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэхэд шууд түлхэц болно.

Цаашлаад Казакстаны хөрөнгө оруулагчид Баян-Өлгий аймгийн хөдөө аж ахуй, уул уурхай, барилгын материалын салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдэж, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Казакстаны стандарт, халал аргаар боловсруулж, тус улсын болон Төв Азийн зах зээлд гаргах боломж нэмэгдэх магадлалтай.

Мөн Ховд, Баян-Өлгий аймгаар дамжин өнгөрч буй Азийн авто замын АН-4 коридорын ач холбогдол нэмэгдэж, олон улсын ачаа тээвэр, логистикийн зангилаа төв болон хөгжихөд дипломат шууд харилцаа чухал үүрэг гүйцэтгэх болов уу. 

Консулын газар байгуулснаар ямар сул тал бий болох вэ?

Энэ хэсэгт нийгмийн талцал хуваагдлын хамгийн гол шалтгаан, болгоомжлолыг дурдацгаая. Өөрөөр хэлбэл, Үндэстний цөөнх голлон амьдардаг хилийн бүс нутагт харь улсын дипломат төлөөлөгчийн газар нээгдэх нь урт хугацаандаа тухайн бүс нутгийн соёл, шашин, улс төрийн чиг хандлагад Улаанбаатараас хамааралгүй давамгайлал тогтоох вий гэх бодит болгоомжлолыг иргэдийн дунд үүсгэж байна. Улмаар үндэсний цөөнх болон олонхын хооронд талцал, үл итгэлцлийг өдөөх эрсдэлтэй юм. 

Сошиал орчинд энэ сэдвийг тойрсон үндсэрхэг үзлийн туйлшрал, Казак-Монгол иргэдийг хооронд нь талцуулах гэсэн давлагаа үүсэж байгаа нь олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, аливаа мэдээллийг өнгөц хүлээн авах, харанхуйгаар муйхарлах байдлыг дэвэргэж байгаа юм. 

Нөгөө талаас геополитикийн асуудал ч яригдана. Баян-Өлгий аймаг нь газар зүйн байршил, геополитикийн хувьд маш мэдрэг бүсэд тооцогддог. Учир нь энэ бүс нутаг нь БНХАУ (Шинжаан-Уйгурын өөртөө засах орон) болон ОХУ (Алтай бүс)-тай шууд хиллэдэг бөгөөд Казакстан улстай ердөө 40 орчим километр агаарын зайгаар тусгаарлагддаг. 

Ийм байршлын онцлогоос шалтгаалан Баян-Өлгий дэх Казахстаны дипломат төлөөллийн асуудал нь зөвхөн хоёр улсын харилцааны хүрээнд бус бүс нутгийн геополитикийн тэнцвэрийн хүрээнд яригдах боломжтой сэдэв юм. Хэдийгээр өнөөдөр бодит зөрчил үүсээгүй ч том гүрнүүдийн ашиг сонирхол огтлолцдог бүс нутаг учраас хөрш орнууд уг асуудлыг анхааралтай ажиглах нь мэдээж. 

Тухайлбал, БНХАУ-ын Шинжаан-Уйгурын бүсэд казах үндэстнүүд цөөнгүй амьдардаг. Хэрэв Монголд Казакстаны нөлөө, исламын шашны болон үндэсний үзэл давамгайлсан соёлын урсгал хүчтэй орж ирвэл БНХАУ өөрсдийнх нь хилийн дагуух тогтвортой байдалд нөлөөлж болзошгүй гэж үзэх үндэслэл болно. 

ОХУ-ын хувьд Монгол Улс болон Төв Азийн орнуудыг өөрийн геополитикийн уламжлалт нөлөөллийн бүс гэж үздэг. Монголын баруун хязгаарт Казакстан улс хэт давамгайлж эхэлбэл ОХУ үүнийг Сибирийн аюулгүй байдал, бүс нутгийн тэнцвэрт байдалд гарч буй өөрчлөлт гэж харах болов уу.

Тэгвэл бид яах ёстой вэ?

Баян-Өлгийд Казахстаны консулын газар байгуулна гэдэг ганц байшин барих тухай биш. Харин Монгол Улсын үндэстний цөөнхийн асуудал, бүс нутгийн хөгжил, хөрш орнуудтай харилцах бодлого, үндэсний аюулгүй байдлын тэнцвэрийг хэрхэн хадгалах вэ гэсэн илүү том асуултыг хөндөж буй хэрэг.

Нэг талд нь иргэдийн үйлчилгээ, худалдаа, хөрөнгө оруулалт, бүс нутгийн хөгжил гэсэн боломжууд бий. Нөгөө талд нь үндэсний нэгдмэл байдал, геополитикийн тэнцвэр, гадаад нөлөөллийн талаарх болгоомжлолууд ч оршсоор байна.

Тиймээс уг асуудалд манай улс прагматик бөгөөд дундыг баримталсан ухаалаг бодлогоор хандах шаардлагатай.

Заавал “Ерөнхий консулын газар” байгуулах биш, чиг үүргийг нь зөвхөн виз, бичиг баримтын ажил эрхлэх замаар хязгаарласан “Консулын төлөөлөгчийн газар” эсвэл “Визний төв” хэлбэрээр статусыг нь хуульчлан тогтоож болох юм.

Хамгийн гол нь Гадаад харилцааны яам (ГХЯ), Тагнуулын ерөнхий газар (ТЕГ), Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ) зэрэг төрийн институтийн хяналт дор консулын үйл ажиллагааг зөвхөн хүмүүнлэг, иргэдийн харилцаагаар хязгаарлах эрх зүйн зохицуулалтыг хийх нь зүйтэй. Шашны болон хэт үндсэрхэг үзлийн далд урсгалаас сэргийлж, бүс нутгийн удирдлага, хилийн болон гаалийн хяналтыг Улаанбаатар хотоос нэгдсэн нэг цонхны бодлогоор чанга барьж чадвал бид эрсдэлийг хазаарлаж, эдийн засгийн давуу талыг бүрэн ашиглах боломжтой болно.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

6 сар 2026
М Т W Т F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Previous Story

Монгол Улс түүхий эд экспортлогчоос аж үйлдвэржилт рүү шилжих стратегийг Даляньд тунхаглав 

Next Story

ХҮН намын 8 гишүүн нийт 80 гаруй ажлын хэсэгт ажиллаж байна