Монгол Улс түүхий эд экспортлогчоос аж үйлдвэржилт рүү шилжих стратегийг Даляньд тунхаглав 

2026-06-25
by

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал албан үүргээ хүлээн авснаас хойших анхны гадаад айлчлалаа БНХАУ-аас эхлүүллээ. Тэрбээр энэ өдрүүдэд урд хөршийн Далянь хотноо Дэлхийн эдийн засгийн форумын (WEF) 17 дахь удаагийн “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулганд оролцож байна.

Энэхүү айлчлал нь хэлбэрийн хувьд олон талт талбарт чиглэсэн ажлын айлчлал боловч агуулгаараа Монгол Улс эдийн засгийн бүтцийн хувьд түүхий эд экспортлогчоос аж үйлдвэржилт рүү шилжиж буйг дэлхий нийтэд танилцуулах стратегийн чухал нүүдэл болж байна. Энэхүү айлчлал нь БНХАУ-ын Засгийн газрын урилгаар хэрэгжиж буй юм.

Геополитик, гео эдийн засгийн эгзэгтэй үед зохион байгуулагдаж буй тус чуулга уулзалт нь “Инновацыг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь” сэдвийн дор дэлхийн 30 гаруй орны төр, засгийн удирдлага, олон улсын 1500 гаруй төлөөлөгчдийг нэг дор цуглуулаад байна. Энэ удаагийн “Зуны Давос” чуулганд Ази тивийн, тэр дундаа Евроазийн бүс нутгийн эдийн засгийг тодорхойлогч гол тоглогчид цуглараад байна. Чуулганы ерөнхий уур амьсгал болон олон талт хамтын ажиллагааны чиглэлийг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян тодорхойлж буй бол манай улстай стратегийн түншлэл бүхий Азийн орнуудын дараах удирдагчид оролцож байгаа юм.

  • БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян
  • Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Олжас Бектенов
  • Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог

Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал эдгээр улсуудын Засгийн газрын тэргүүнүүдтэй хоёр талын албан ёсны уулзалтууд хийж, Монгол Улсын гадаад бодлогын эдийн засгийн дипломат ажиллагааг идэвхжүүлэх бодит алхмуудыг хийлээ.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хийсэн хоёр талын уулзалтаар талууд зэс, хөнгөн цагаан, ган боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран хэрэгжүүлэх томоохон төслүүдийн явцыг эрчимжүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэхээр тохиролцов. Ерөнхий сайд Н.Учрал уулзалтын үеэр “Монгол Улс түүхий эдийн нийлүүлэгчээс нэмүү өртөг шингээсэн бүтээгч улс болох ёстой. Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг халж, боловсруулах үйлдвэр, микро-технологи, үйлдвэрлэлийн шинэ суурийг хамтдаа байгуулах цаг болсон” хэмээн онцолсон юм. Энэхүү мэдэгдэл нь эдгээр мега төслүүдийг зөвхөн хоёр улсын хоорондын худалдаа гэж харахаас илүүтэй Монгол Улсын эдийн засгийн бүтцийг үндсээр нь өөрчлөх, дотоодод өндөр бүтээмжтэй ажлын байр бий болгох, экспортын орлогыг солонгоруулах стратегийн ач холбогдолтой гэдгийг тодотгосон хэрэг байв.

Мөн тэрээр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Олжас Бектеновтэй уулзаж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Талууд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилт тавьж, Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт санал нэгдэв. Түүнчлэн тээвэр, логистикийн саад тотгорыг бууруулах нь хоёр улсын эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргахад чухал ач холбогдолтойг тэмдэглэж, Монгол, Казахстаныг холбосон хамгийн дөт тээврийн шинэ коридор бий болгох асуудлыг шуурхай шийдвэрлэхээр тохиролцлоо. Энэ хүрээнд Засгийн газар хоорондын хамтарсан ажлын хэсэг байгуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр болсон байна.

Удаах чухал уулзалт нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той хийсэн уулзалт байв. Ерөнхий сайд Н.Учрал манай улсын Засгийн газраас баримталж буй “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогын хүрээнд хувийн хэвшлийг дэмжих, бизнес эрхлэхэд ээлтэй орчныг бүрдүүлэх, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах ажлуудыг хэрэгжүүлж буйгаа онцолсон юм. Энэ хүрээнд банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байгаа бөгөөд УИХ-д өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулиар гаднын банк үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэв. Үр дүнд нь Какаобанкаас эхлээд Солонгосын нөлөө бүхий хэд хэдэн банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах боломжтой гэдгийг илэрхийлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тэргүүн тус чуулганд зөвхөн ажиглагчаар бус, дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэлэлцүүлгүүдэд гол панелистаар оролцсон нь онцлох үйл явдал байлаа. Түүний оролцсон салбар хуралдаанууд нь манай улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой шууд огтлолцож байв. 

Тухайлбал, Ерөнхий сайд Н.Учрал Зуны Давосын чуулганы “Эрчим хүч үгүй бол хиймэл оюун үгүй” хэлэлцүүлэгт панелистаар оролцсон юм. Тэрээр “Улс орнууд хиймэл оюун, дата төв, шинэ технологи ярьж байна. Эрчим хүчгүй бол хөгжил байхгүй. Эрчим хүчгүй бол AI ч байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга Ногоон хөгжил, эрчим хүчний чөлөөлөлтөөр өрнөж байгааг тэмдэглээд, анх удаа эрчим хүчний салбарт нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, амжилттай хэрэгжүүлснээ дэлхийн индэрт танилцуулав. Цаашид сэргээгдэх эрчим хүч, дамжуулах дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээ мэдэгдлээ.

Мөн “Чухал ашигт малтмалын эрин үе: Олборлолтоос аж үйлдвэрийн шинэчлэл рүү” олон талт уулзалтаар дэлхийн ногоон шилжилтийн гол цөм болсон газрын ховор элемент, чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд Монгол Улс зөвхөн олборлогч, түүхийгээр нь нийлүүлэгч бус, хагас боловсруулах түвшинд хамтрагч байх байр суурийг илэрхийлсэн бөгөөд “Хүнсний тогтолцоон дахь худалдаа, зах зээлийн инновацыг дэмжих нь” хэлэлцүүлэгт бүс нутгийн хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн салбарт технологи нэвтрүүлэх чиглэлээр нээлтийн үг хэллээ.

Ерөнхий сайд Н.Учралын “Зуны Давос” чуулганд хийсэн анхны айлчлал нь цаашид дараах гурван чиглэлд Монгол Улсад үр өгөөжөө өгөхөөр байна.

  1. Дэлхийн эдийн засаг, улс төрийн шийдвэр гаргагчдад Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх төслүүд болон Бизнесийн эрх чөлөөний тухай хууль эрх зүйн шинэчлэлийг танилцуулснаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой, нээлттэй гэдгийг батлан харуулж, Какаобанк зэрэг санхүүгийн аварга тоглогчдыг татах суваг нээгдэв.
  2. БНХАУ-тай боловсруулах үйлдвэрийн мега төслүүдийг эрчимжүүлэхээр тохиролцсон төдийгүй Казахстан улстай тээврийн хамгийн дөт шинэ коридор байгуулах ажлын хэсэг байгуулсан нь уул уурхайн салбараас хамааралтай Монголын эдийн засгийг солонгоруулах нэг алхам боллоо.
  3. Эрчим хүчний салбарын нээлттэй сонгон шалгаруулалтын туршлага болон сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийн төслийг танилцуулж, WEF-ийн Залуу манлайлагчдын нийгэмлэгийн “Meet the Leader” уулзалтад оролцсон нь Монгол Улсыг шинэ үеийн, технологид суурилсан, уян хатан хөгжлийн бодлоготой улс гэдгийг олон улсад сурталчлах имижийг бүрдүүлэв.

БНХАУ-ын Далянь хотноо өрнөсөн эдгээр үйл явдлууд нь Монгол Улс дэлхийн шинэ гео эдийн засгийн тоглоомын дүрэмд, ялангуяа ногоон шилжилт, хиймэл оюун ухааны эрчим хүчний хамаарал болон аж үйлдвэрийн IV хувьсгалын үед идэвхтэй оролцогч, нэмүү өртөг шингээгч байх улс төрийн зорилгыг илэрхийлсэн амжилттай гараа боллоо.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

6 сар 2026
М Т W Т F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Previous Story

DocX Explained: Хиамчид гэж хэн бэ, хиамны цех гэж юу вэ?