Хэвлэл мэдээлэл бол ардчиллын дөрөвдөгч засаглал. Гэвч мэдээлэл түгээх хүчээ үнэ хаялцуулан зарах болсноор сэтгүүл зүй нийгмийг соён гэгээрүүлэх хэрэгсэл бус, харин улс төрийн захиалгаар ажилладаг “хиамны цех” болон хувирсан. DocX Explained-ийн энэ удаагийн дугаараар бид Монголын хэвлэл мэдээллийн салбарын хамгийн харанхуй, далд өнцөг болох “хиамчид”-ыг задлан шинжлэх болно.
Тэгвэл “хиамчин” гэж хэн бэ, “хиамны цех” гэж юу вэ?
Сэтгүүл зүйн салбарт “хиамдах” гэдэг нь улстөрчид болон томоохон компаниудын захиалгаар, мөнгө авч бусдыг зохион байгуулалттайгаар харлуулах, гүтгэх, эсвэл эсрэгээрээ худал магтан дуулах контент үйлдвэрлэхийг хэлдэг. Яг л үлдэгдэл мах, өөхөө холиод амтлагч нэмж, нэгэн жигд хиймэл бүтээгдэхүүн болгон шахаж гаргадагтай адил баримтыг мушгин гуйвуулж, захиалагчийн хүссэнээр “мэдээллийн холимог” бэлтгэдэг хүмүүсийг “хиамчид” гэнэ. Харин тэдний ажилладаг, ихэнхдээ ямар ч мэргэжлийн редакцгүй, зөвхөн “copy-paste” хийдэг Facebook-ын пэйжүүдийн сүлжээ, тэдний бүтэц зохион байгуулалт, зохион байгуулагчдыг “хиамны цех” хэмээн тодорхойлдог. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед энэхүү механизм бүрэн төгөлдөршиж “Мийгаа” төслийн хэмжээнд хэрэгжиж байв.

Монгол Улс ердөө 3.5 сая хүн амтай ч 2026 оны байдлаар албан ёсны бүртгэлтэй 529 хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг хүн амд тооцвол дунджаар 6.600 үзэгч, уншигч тутамд нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ногдож байна. Энэ нь хүн амд ногдох хэвлэлийн тоогоороо дэлхийн дунджаас хол давсан, үнэмлэхүй тэргүүлэх үзүүлэлт юм. Үүний ард бүртгэлгүй, эзэн, хаяг нь тодорхойгүй, редакцгүй, мэргэжлийн бус, өөрсдийгөө хэвлэл гэж тодорхойлсон пэйжүүд ч хэдэн зуугаараа бий.
Жижиг зах зээлд ийнхүү хэт олон тоглогч өрсөлдөж буй энэхүү нөхцөл байдал нь сэтгүүл зүйг бизнесийн зарчмаас холдуулж, “хиамны цех” болгон хувиргах нэг шалтгаан болсон гэж харагддаг. Шалтгаан нь, хэвлэл мэдээллийн байгууллагын орлогын гол эх үүсвэр нь уншигчдын контентын борлуулалт, зар сурталчилгааны орлого бус, харин шууд улс төр, төсвийн мөнгөнөөс хэт өндөр хамааралтай болсон бодит дүр зураг билээ. Нийт мэдээллийн урсгалын 70-80 хувь нь зөвхөн улс төр, улс төрийн үйл явдал, талцал, тэмцэлтэй холбоотой агуулга байгаа нь үүний өөр нэг нотолгоо юм.

Эцэстээ, энэхүү хараат байдал нь хэвлэлүүдийг нийтийн эрх ашгийн төлөө бус, өөрсдөд нь төлдөг улс төрийн бүлэглэлүүдэд үйлчилдэг зэвсэг болгон хувиргасан. Дотроо хуваагдаж эрх мэдлийн төлөө тэмцэлдэж буй эрх баригч МАН-ын фракцууд хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хуваан авч, нэг нэгнийгээ харлуулах, нийгмийг талцуулах, хэвлэлүүдийг хооронд нь хагаралдуулдаг үйл ажиллагаа хэвийн болсоор удлаа.
Яг өнөөдрийн байдлаар “ТОП-10” гэж өөрсдийгөө тодорхойлдог ч бусад нь “Могойн чуулган” гэж нэрлэсэн хэсэг бүлэг редакц. Үүний эсрэг талд “Жижиг 10” буюу “Пороро сэт” гэх өөр нэг хэсэг бүлэг редакцууд улс төрийн фракцуудад хуваагдан Монголын хэвлэл мэдээлэл, сошиал орчинд ажиллаж байна. Тэднийг таньж, ялгах тэмдэг маш энгийн.
- “ТОП-10”: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга асан Х.Нямбаатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан болон Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын нам дамнасан фракцын улстөрчдийн эрх ашгийг гол төлөв дэмжиж, өрсөлдөгчдийг нь харлуулах ажлыг хийдэг.
- “Пороро сет”: Харин нөгөө талд, арай залуу хэвлэл мэдээллийн редакцуудаас бүрдсэн нөгөө хэсэг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, одоогийн Ерөнхий сайд Н.Учрал, Ерөнхий сайд асан Г.Занданшатар нарын фракцын улстөрчид, тэдний бодлого, үйл ажиллагааг дэмжиж буй.
Энэхүү механизмын дагуу бусад жижиг редакцууд ч сүүлийн үед мөн л багц болон нэгдэж, үнийн санал барин УИХ-ын гишүүдийн хаалгыг тогшин гүйлдэх болсон.

Сайтууд ингэж багцлагдаж худалдагдах нь өнөөдөр л гэнэт бий болчихсон зүйл биш. Энэ бол төрийн байгууллагууд, төрийн өмчит компаниудын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаар дамжин явж ирсэн ужгирсан тогтолцоо юм.
- Найзуудын сүлжээ: Төрийн байгууллагын хэвлэлийн албаны дарга, сайд дарга нарын хэвлэлийн төлөөлөгчөөр ихэвчлэн өмнө нь сэтгүүлч хийж байсан хүмүүс очдог бөгөөд тэд өөрсдийн найзууд, итгэлтэй хүмүүстэйгээ л хамтран ажиллаж, тэдэндээ гэрээ тараадаг. Уг нь энэ гэрээ төрийг олон нийттэй холбох, бодлого шийдвэрийг таниулах зорилготой ч, дийлэнхдээ албан мэдээний “copy-paste”, зөвхөн даргыг л магтах болхи PR, нэг ёсондоо хаалтын гэрээ болон хэрэгждэг.
- Хиамны цехийн дайралт: Хамгийн аймшигтай нь, ямар ч мэргэжлийн редакцгүй, хэдэн хүн ажилладаг, ямар оффист суудаг нь тодорхойгүй, ердөө л Facebook page хэлбэртэй этгээдүүд өөрсдийгөө “хэвлэл” хэмээн нэрлэж, 30, 40-өөр нь цаашлаад 50, 100-гаар нь пэйжүүд, үйл ажиллагаа нь тогтмол бус сайтуудыг багцлан мэргэжлийн редакцуудтай ижил дүнгээр гэрээ нэхдэг.
- Хиамчдыг тэжээдэг дарга нар: Хэвлэлийн төлөөлөгчид өөрсдийн хүрээлэлд багтдаг найз нөхөд нь л биш бол мэргэжлийн бус “хиамчидтай” гэрээ хийхээс ихэвчлэн татгалздаг. Гэвч тэдэнд “үгүй” гэж хэлээд гаргасны маргаашаас нь эхлэн нөгөө 50, 100 пэйжээрээ даргыг нь “хусаж”, гүтгэж, харлуулж эхэлдэг. Улмаар дарга нь тэсэлгүй хэвлэлийн төлөөлөгчдөө “Гэрээ байгуул” гэх үүрэг өгч шантаажийг нь биелүүлдэг. Энэ утгаараа улстөрчид ч өөрсдөө энэ арчаагүй байдлын буруутан, бас хохирогч нь болж байна. “Энэ сайтын ард хэн байдаг вэ?”, “Тэр сэтгүүлчийг таних уу? Манайхыг хусаад байна. Зохицуулаад өгөөч” гэж холбогддог бизнес эрхлэгч та ч тэдний хүслийг биелүүлснээр зөвхөн өөрөө хохирогч нь болоод зогсохгүй нийгмийг бохирдуулагч хор хавдрыг тэжээж байдаг.

Энэхүү бохир харилцаанаас болж төр, иргэд, сэтгүүлчид бүгд хохирдог. Үе үеийн УИХ, Засгийн газар, сайд дарга нар үргэлж буруу зүйл хийж ирсэн гэвэл үгүй. Тэдний санаачилсан 100 ажил тутмын ядаж 10 нь нийгэмд хэрэгтэй, бодитой хөгжлийн шийдэл, шийдвэр байсан.
Гэвч хэвлэлүүд төр-олон нийтийг холбох гүүр байх үүргээ умартсанаар нэгт, төр иргэддээ бодлогоо зөвөөр ойлгуулж, олон нийтийн дэмжлэгийг авч чадалгүй явсаар том төсөл, хөтөлбөрүүд эсэргүүцэл, улс төрөө даалгүй унадаг. Ард нь, иргэд олон нийт төрийнхөө бодлого, шийдвэрийг зөвөөр ойлгож, өөрсдөдөө хэрэгтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тал дээр нэгдэж чадахгүй байсаар гадна, дотнын хорлон сүйтгэлд өртөж, нийтээрээ нэг л байрандаа эргэсээр.
Энэ бүхний дунд хамгийн том хохирогч нь хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид өөрсдөө болжээ. Өнөөдөр нийгэмд сэтгүүлч шиг нэр хүндгүй, хэвлэл мэдээлэл шиг хэрэггүй зүйл байхгүй боллоо гэдгийг улстөрчид ч ил тод хэлдэг болов.
Яг одоо сэтгүүлчээр сурч байгаа оюутнуудаас асуувал 10 хүний 9 нь “Мэргэжлээрээ ажиллахгүй” гэж хариулж байна. Учир нь хэн ч ийм их ачаалалтай, бага цалинтай хэрнэ нийгэмд нэр хүнд нь шавар шавхайтай хутгалдсан ажлыг хийхийг хүсэхгүй.

Өнөөдөр сэтгүүл зүй ийнхүү улс төртэйгөө хамт уралдан дампуурч, бүтээлч контентоор нийтийн эрх ашигт үйлчилдэг, төр-олон нийтийн гүүр байх үүргээ гүйцэтгэдэг хэвлэл мэдээллийн тоо өдөр ирэх тусам цөөрсөөр. Тиймээс ч өнөөдөр бараг төрийн бүх байгууллагууд дэргэдээ ямар ч хүчтэй редакцаас дутахгүй хүн хүч, техник, тоног төхөөрөмж цуглуулж, медиа салбартайгаа өрсөлдөн контент нийлүүлэх болжээ.
Уг нь хэвлэл мэдээллийн салбарт улс төрөөс өөр эх үүсвэрээс мөнгө олох, хараат бусаар орших олон боломж бий. Сүүлийн жилүүдэд Сэтгүүл зүйн Инновац, хөгжлийн Үүр төв, Тогтвортой нийгмийн зөвлөл зэрэг сэтгүүл зүйн салбарын шинэ үеийнхэн хэвлэл мэдээллийн салбарт бизнесийн өөр загвар нутагшуулах, экосистемийг эрүүлжүүлэх үйл хэрэгт хүчин чармайлт гаргах болсон. Глоб Интернэйшл тэргүүтэй өмнөх үеийн сэтгүүл зүйн иргэний нийгмийн байгууллагууд ч эрүүл сэтгүүл зүйн төлөө олон жил тууштай явж ирсэн.
Гэвч салбараа манлайлан чирэх ёстой том телевизүүд хүртэл “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-иар сар бүр татвар төлөгчдийн халааснаас тэжээгддэг паразит маягийн тав тухтай байдлаасаа салахыг огт хүсэхгүй болтлоо нам гацсан нь харамсалтай. Бодит манлайлалгүй Монголын хэвлэл мэдээллийн салбарт хаа нэг болдог форум, зөвлөгөөнүүд ч зүгээр л тунхаг дэмвшүүлж, хий хоосон ярилцаад тардаг үр дүнгүй хурал байдлаар өндөрлөж, салбараа аврах, нэгдэж нийлэх бодит процесс огт идэвхжихгүй явсаар.
Сэтгүүл зүй өөрөө улс төртэйгөө хамт уралдан дампуурах зуур төр, иргэд, олон нийт, сэтгүүлчид гээд бид бүгд өөрсдөө улам илүү хохирсоор байна.