Биднийг ирэх зун Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль угтаж буй. Түүхэнд анх удаа таван нэр дэвшигч өрсөлдөх ес дэх удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар бид долоо дахь төрийн тэргүүнээ сонгоно.
Энэ удаагийн сонгуулийн ач холбогдол, хүлээлт юу байх вэ?
2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль улс төрийн ирэх 10 жилийн өнгө төрх, хүчний тэнцвэрийг тодорхойлох чухал ач холбогдолтой. Дараагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2033 он хүртэл үргэлжилнэ. Тиймээс 2028, 2032 оны хоёр ч УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд нөлөөлөх чухал хүчний тэнцвэр болно. Хэдий УИХ-д суудалтай 5 нам, эвслээс нэр дэвшигчид өрсөлдөх ч уламжлал ёсоор бодит өрсөлдөөн МАН, АН-ын хооронд өрнөнө.
Тэгвэл бодит өрсөлдөөн явагдах МАН болон АН-аас нэр дэвшихээр горилогчдын сунгаа аль хэдийн эхэлсэн.
“DocX улс төр 101” цувралын энэ удаагийн дугаарт МАН-ын горилогчдыг нэрлэе.
Нэг, Г.Занданшатар
Эрх баригч МАН-ын Ерөнхийлөгчид нэр дэвшихээр яригдаж, бас өөрийгөө ярианы сэдэв болгож яваа улстөрчдийг Г.Занданшатар тэргүүлж буй. Гэвч өнөөдрийн хувьд тэр УИХ-ын гишүүн, сайдын аль ч биш. Техникийн хувьд яг бидэнтэй ижил жирийн иргэн.
1993 оноос хойш түүхэнд Ерөнхийлөгчийн сонгуульд ердөө 19-хөн хүн л нэр дэвшиж байв. Тэдний зарим нь Ерөнхийлөгчид өрсөлдөхдөө Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд гэх төрийн өндөр албан тушаалгүй, Монгол Улсын иргэн гэх статустай байжээ.
Мөн 2009 онд Ц.Элбэгдорж, 2017 онд Х.Баттулга нар төрийн ордонд оффисгүй, эрх мэдлээс хол байх үедээ Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан түүхтэй. Сүүлд, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаас чөлөөлөгдөж, “дээлээ тайлж” байгаад Ерөнхийлөгч болсон бодит кейс ч бий.
Тиймээс Г.Занданшатар “гудамжнаас” нэр дэвших бүрэн боломжтой. Гагцхүү идэвхтэй улс төрөөс хол байх тусам тэр мартагдана. Тэр ч утгаараа Ерөнхий сайд асан Г.Занданшатар олны анхааралд үлдэх боломжит бүх л үйл ажиллагаанд идэвхийлэн оролцож, сошиалд хүч хаяж буй.
Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, Т.Бадамжунай тэргүүтэй улс төрийн хувьд аль хэдийн үхдэл болсон хүмүүс Зандан бро-г тойрон хүрээлэх болсон нь түүний нэр дэвших магадлал бодитой байж болохыг харуулж буй.
Хоёр, С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Б.Батцэцэг
УИХ-ын дарга С.Бямбацогт, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нар мөн сүүлийн өдрүүдэд сошиалд идэвхжиж эхэлсэн.
С.Бямбацогтын хувьд бодитоор яригдаж болох өрсөлдөгч. Харин Ж.Энхбаярын хувьд өөрийгөө яриулж буй горилогч нэгэн гэх нь үнэнд илүү дөхнө. Бодит өрсөлдөгч байж чадах өөр нэг улстөрч бол Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. Тэр өнгөрсөн хугацаанд нэлээдгүй дайралтад өртсөн.
Тэдний араас Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан тулааны урлагийн үзүүлбэрээрээ өрсөлдөөнд нэмэгдсэн. АН-ын Х.Баттулгатай худ ургийн харилцаатай түүнийг МАН-ын дотоод сөрөг хүчин болох Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын 15 давхрын фракц Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр идэвхийлэн зүтгүүлж буй.
Хэдий нэр дэвшигчийг тодруулах үйл явц албан ёсоор ийнхүү өрнөх ч тэрхүү нэр дэвшигч хэн байх вэ гэх эцсийн хариулт МАН-ын лидерүүдийн эрх ашиг хаана нэгдэж, юун дээр зөрчилдөх вэ гэх асуултаар тодорхойлогдоно.
Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн улс төрийн ирэх 10 жилийн өнгө төрх, хүчний тэнцвэрийг тодорхойлно.
Хэрэв 2027 онд МАН ялагдвал өнгөрсөн 10 жил дарагдсан эдгээр хэргүүд нь шил шилээ даран ар араасаа дэлбэрч эхлэх аюултай.
Энэхүү галд дээр дурдсан нэр дэвшигчид өөрсдөө төдийгүй, МАН-аар овоглогддог олон хүн өртөх эрсдэлтэй.
Өөрөөр хэлбэл, 2027 онд ялагдвал МАН-ын олон лидерийг шорон угтаж байж мэднэ. Тиймээс ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригчдыг “бид ялах ёстой” гэх эрх ашиг нэгтгэнэ!