Сүүлийн жилүүдэд уран бүтээлчид, жүжигчид хувиараа кино бүтээхийг илүүд үзэх болсон. Үүнийг үгүйсгэх шалтгаан байхгүй.
Харин кино уран бүтээлийн чанар, чансаа навс унасан. Хэн дуртай нь, мөнгөтэй нь, санхүү босгож чадсан нь хүссэн сэдвээрээ кино хийж, цацах болсоор удлаа. Үүнийг дагаад кино зохиолын үнэ цэн үгүй болж, бүдгэрсээр байна. Зохиолоо өөрөө бичнэ, өөрөө найруулна, тоглоно. Ийм амбиц хаа сайгүй. Үр дүнд нь урт насгүй бүтээлүүд олон төрж буй.
Нөгөө талд кино гэдэг зүгээр л мөнгө олох, ашиг хийх талбар болж хувирсан. Мэдээж ямар ч кино ашиг олох, ядаж л шархаа нөхөх ёстой. Гэвч хамгийн чухал нь үүргээ гүйцэтгэж байх учиртай юм. Энэ бол зарчим. IPTV, олон төрлийн аппликэйшн бий болсноор киногоо талх шиг жижиглэж үнэлээд, олон хүнд зарах нөгөө талын боломж нээгдсэн. Яг одоо энэ боломж руу л тэд шуурцгааж байна.
Ингэхдээ “хэдхэн хоногт кино хийгээд, сайн ашиг олж болох юм байна” гээд мэргэжлийн үүргээ, үүрч явах ачаагаа тэр хойно хаячхаж байгаа нь харамсалтай.
Үүний балгаар “кино, уран бүтээл гэдэг хэн ч хийж болох зүйл юм байна” гэдэг буруу дохио аваад дуурайж буй маш олон дүрдээ итгэгчид амилсаар. Ноцтой нь насанд хүрэгчдэд зориулсан гэх халхавчаар ямар ч хяналтгүй, хүссэн сэдвээрээ тийм төрлийн кино хийдэг сүрэг бий болчхоод байна. Тэд дандаа хязгаарын шугамыг давж гишгэж байна.
Тухайлбал, “өнчин охин, хойд аав, хойд ээж, үеэл дүү, ээжийн нөхөр, авга ах” зэрэг нэртэй насанд хүрэгчдийн кино хийж, нийгмийн сүлжээ, аппликэйшнээр шүүлтүүргүй цацсаар.
Харин хуулийн хүрээнд чанга хариуцлага тооцох, хориглох хүчин төгөлдөр мөрдөгдөж буй зохицуулалт манай улсад алга байна. Тодруулбал, Монгол Улс “Садар самуун явдалтай тэмцэх тухай” хуулийг 1998 онд баталжээ. Өөрөөр хэлбэл хэт хуучирсан, шинэчлэн найруулах шаардлагатай гэсэн үг.
Уг хуулийн тавдугаар зүйлд,
- Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр садар самууныг сурталчлахыг хориглоно,
- Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг бэлтгэх, тараах, борлуулах, энэ зорилгоор хадгалахыг хориглоно,
- Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, кино, дүрс бичлэг, зураг болон бусад зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно гэж заажээ.
Харин худалдахыг хориглох журмын тухайд,
- Албан байгууллага, гудамж, талбай, хүүхдийн байгууллага, цэцэрлэг, сургууль, оюутан, сурагчдын дотуур байр, хүнс, барааны зах, худалдаа, үзвэр үйлчилгээний газар худалдах;
- Гар дээрээс худалдах;
- 18 насанд хүрээгүй хүнээр худалдуулах, 18 насанд хүрээгүй хүнд худалдахыг тус тус хориглоно гэсэн байна.
Өөрөөр хэлбэл, нийгмийн сүлжээг ашиглахыг хориглох гэх мэт зохицуулалт тусгагдаагүй байгаа юм.
Тэгвэл Зөрчлийн тухай хуулийн 6.18.5-д,
- Эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэгийг худалдах журам зөрчсөн, эсхүл хуульд заасан эротик кино, дүрс бичлэг, жүжиг, бүжиг үзүүлэхэд хориглох зүйлийг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.
Ингээд харвал энэ чиглэлд хуулийн зохицуулалт, хариуцлага хүлээлгэх байдал сул байна. Ялангуяа дээр дурдсан нэр бүхий киноны агуулга нь насанд хүрээгүй, эрх нь зөрчигдөж буй хүний эсрэг хүчирхийллийн шинжтэй гэж хэлж болно. Тиймээс хуулийн хүрээнд анхаарах зайлшгүй шаардлага байгаа тухай нийгмийн сүлжээнд ч хэлэлцүүлэг өрнөсөөр байна.