Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өчигдөр (2026.09.07) эхэлж, нийт 87 гишүүн ирцээ бүртгүүлсэн. Харин үлдсэн 39 гишүүнээс 18 нь гадаад томилолттой, 10 нь орон нутгийн томилолттой, 4 нь эмнэлгийн чөлөөтэй, 7 нь чөлөөтэй байсан аж.


Тэгвэл гадаад томилолттой байгаа 18 гишүүний нэг хэсэг нь Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийг дагаж БНХАУ–ыг, нөгөө хэсэг нь Шадар сайд Т.Доржхандыг даган АНЭУ-ын Дубай хотыг дайлаар мордсон бололтой.
Гадаад томилолттой гишүүд:

Наймдугаар сарын сүүлээр, COP17-г дуусав уу үгүй юу манай төрийн өндөрлөгүүд хэдэн тийшээ тарсан. Тухайлбал,

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселерийн урилгаар 2026 оны 8 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд тус улсад, Бельгийн Хаант Улсад 2026 оны 8 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн.
Айлчлалын бүрэлдэхүүнд: УИХ-ын гишүүн, Монгол-Бельгийн парламентын бүлгийн дарга Г.Тэмүүлэн, тус бүлгийн дэд дарга М.Нарантуяа-Нара, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд багтсан байдаг.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Киргиз Улсад айлчилсан.
Айлчлалын бүрэлдэхүүнд: Шадар сайд Н.Номтойбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан тэргүүтэй албан тушаалтнууд болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд багтсан.

Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцсон.
Айлчлалын бүрэлдэхүүнд: Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй албаны төлөөлөл багтсан.

Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 9 дүгээр сарын 7-9-ний өдрүүдэд АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулж буй AIM Congress 2026 буюу Олон улсын хөрөнгө оруулалтын чуулганд оролцож байна.

Ардчилсан намын төлөөллүүд БНХАУ-ын Коммунист намын урилгаар тус улсад айлчилж буй.
Айлчлалд: Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, намын гишүүн буюу УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Э.Одбаяр, Б.Пунсалмаа, Ө.Шижир нар багтжээ.
УИХ-ын гишүүн Ө.Шижир орон нутгийн томилолттой гэж бүртгүүлсэн хэр нь АН-ын дарга О.Цогтгэрэлтэй хамт БНХАУ-д айлчилж байна.
Угтаа бол УИХ-ын намрын ээлжит чуулган 2026 оны 9 дүгээр сарын 15-нд албан ёсоор эхэлнэ. Гэвч ийнхүү долоо хоногийн өмнө ээлжит бус чуулганыг зарласан нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхтэй холбоотой юм.
Гэвч УИХ-ын гишүүдийн 30,9 хувь нь ямар нэг шалтгаанаар чөлөө аван, чуулгандаа ирсэнгүй. 18 гишүүн л гадаад томилолттой гэж бүртгүүлснээс бусдаар орон нутгийн томилолттой гишүүд ч гадагшаа явсан байх магадлалтай гэдгийг УИХ-ын гишүүн Ө.Шижирийн ирцийн бүртгэлийн жишээн дээрээс харж болохоор байна.

Юу юугүй хүйтэрлээ. Халаалтын улирал эхлэх нь. Тэгш сондгой хязгаарлалт чинь дуусаж, түгжрэл эргэн ирэх нь. Эрчим хүчний хангамж, энэ оны болон ирэх оны төсвийн чадамж, ургац хураалт, өвлийн бэлтгэлээ базаахгүй бол улс орон чинь хахир өвлийг давж чадах нь уу. Одоо “томилолт” нэртэй аялал зугаалгаа зогсоогоод ажилдаа орно уу, эрхэм түшээд ээ.