Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 9-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах Засгийн газрын тогтоол батлагдлаа
“Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль хэрэгжиж эхэллээ. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгож, 25 байгууллагыг төсвөөс гаргалаа. 108-324 орон тоог оновчилж, цалин бусад урсгал зардлаас 30 тэрбум төгрөг хэмнэнэ” гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөхтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн өмчийн компани болгон өөрчлөн байгуулах төрийн өмчит үйлдвэрийн газрын жагсаалт, төрийн өмчит нийтийн үйлчилгээний байгууллага болгон өөрчлөн байгуулах төрийн өмчит үйлдвэрийн газрын жагсаалт, татан буулгах төрийн өмчит үйлдвэрийн газрын жагсаалтыг Засгийн газрын тогтоолын хавсралтаар тус тус батлав.
Тогтоолын төсөлд тусгагдсанаар нэгтгэх, татан буулгах арга хэмжээнд төрийн өмчит үйлдвэрийн 25 газар хамрагдаж байна. 2025 оны байдлаар эдгээр байгууллага нийт 2,162 ажилтантай, 73.2 тэрбум төгрөгийн жилийн цалингийн сантай ажиллажээ.
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
“Эрүүл мэндийг дэмжих жил-2027”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт даалгалаа.
Төлөвлөгөөнд дөрвөн зорилтын хүрээнд 18 арга хэмжээ тусган баталж, иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, өрхийн болон төрийн эрүүл мэндийн зардлыг бууруулах, өвчлөлийн хүндрэлээс сэргийлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ.
Өнөөдөр хөнгөлөлттэй эм хэрэглэж байгаа 873 мянган иргэний 584 мянга буюу 67 орчим хувь нь артерийн даралт, цус бүлэгнэлтийн эсрэг эм болон чихрийн шижингийн эм хэрэглэж байна. Эмчилгээг тогтмол үргэлжлүүлэх боломжгүйгээс өвчин хүндрэх нь иргэдийн эрүүл мэндэд төдийгүй эрүүл мэндийн салбарын зардалд шууд нөлөөлж байна. Иймд нэгдүгээрт, архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх, эмийн зардлын дарамтыг бууруулахад онцгой анхаарна.