ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн орон сууцны залилангийн эсрэг авах арга хэмжээний талаар танилцууллаа.
Монгол Улсын хэмжээнд 2173 орон сууц баригдаж дуусаагүй байна. Захиалгын гэрээ байгуулахтай холбоотойгоор нэг орон сууцыг борлуулахдаа давхар гэрээ байгуулан захиалга авсан 173 хэрэг цагдаад шалгагдаж байгаа аж.
Дээрх 173 хэргийн улмаас 2208 иргэний эрх ашиг хөндөгдөж, 173 тэрбум төгрөгийн хохирол үүсжээ.
Орон сууцны залиланг таслан зогсоож, иргэдийн эрх ашгийг хамгаалах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс мэдээллийн нэгдсэн санг бий болгох талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна.
Тодруулбал, төр өөрт байгаа мэдээллүүдийг нэгтгэн, баригдаж дуусаагүй барилгуудтай холбоотой бүх мэдээллийг иргэдэд ил тод мэдээлнэ.
Мэдээллийн нэгдсэн цахим санг 11 сарын 15 гэхэд ашиглалтад оруулах аж.
Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга нар аливаа барилгын ажил эрхлэх зөвшөөрлийг олгохоос эхлээд газар, ТЭЗҮ гэхчлэн баригдаж буй барилгатай холбоотой бүхий л мэдээллийг иргэд нэг дороос авах боломж бүрдэх юм.
Ийм мэдээлэл байхгүйн улмаас иргэд сонирхож буй орон сууцаа хангалттай нягтлах боломж хомс байдаг. Тиймээс энэ төрлийн залилан, гэмт хэргийн тоо өсөх, давхар гэрээ байгуулах асуудал үүсээд буй.
Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслөө боловсруулчихсан. Ирэх долоо хоногт УИХ-д өргөн барих аж.