Засгийн газар хуралдаж /2026.09.23/, хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулаа.

Шадар сайд Т.Доржханд:
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд урих, бодитойгоор дэмжих, гомдол санал үүсгэхгүй байх, эрх ашгийг нь хамгаалах, үр ашигтай ажиллах нөхцөл боломжоор хангах асуудлыг хэлэлцлээ. Үүнтэй холбогдуулан холбогдох байгууллагууд нь үүрэг авч ажиллахаар боллоо. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хариуцсан агентлаг хөрөнгө оруулагчдын асуудлыг шүүхийн шатанд очихоос нь өмнө шийдэх мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгч ажиллана.
Гадаадын хөрөнгө оруулагч сэргээгдэх эрчим хүч, дата төв зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд гаалийн татвараас чөлөөлөгдөнө. НӨАТ-ыг төсөл хэрэгжиж дууссаны дараа төлөх боломжтой. 100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд 20 жилийн хугацаатай тогтворжуулалтын гэрчилгээ олгоно. Ингэснээр татварын таатай нөхцөл эдэлнэ гэсэн үг гэлээ.
Тодруулбал, Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах цогц үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталлаа. Монгол Улсад 1990-2025 онд 52.3 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгджээ.
44.5 %-ийг Нидерланд, 12.6 % нь БНХАУ, 8.2 % нь Сингапур зэрэг улс орнууд эзэлж байна. Уул уурхайн салбар хамгийн өндөр буюу 74.2 хувийг эзэлж байгаа нь төрөлжөөгүй байгааг илтгэлээ. Тиймээс төлөвлөгөө гаргаж, цаашдаа 5 чиглэлд хөрөнгө оруулалтыг татахаар шийдвэрлэлээ.
1.Сэргээгдэх эрчим хүч
2.Дата төв, хиймэл оюун ухаан
3.Нэмүү өртөг шингэсэн уул уурхай
4.Хөдөө аж ахуй
5.Аялал жуулчлал
Хөрөнгө оруулалтын тухай хууль болон дагалдах бусад хуулийн хүрээнд үйл ажиллагааг идэвхжүүлэх, эрх ашгийг хамгаалах эрхзүйн орчин бүрдсэн. Хөрөнгө оруулагчдыг хамгаалах “Худалдаа хөрөнгө оруулалтын агентлаг” үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хөрөнгө оруулагчдыг хамгаалах чиглэлээр ажиллаж байна гэсэн үг. Засгийн газартай холбоотой гомдол санал үүсвэл түүнийг 30 хоногийн дотор шийдвэрлэх чиглэл өглөө.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир:
Нэг сарын хугацаанд 12 аймагт баавгай хүн амын суурьшлын бүс руу орж ирсэн 240 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Энэ бол тоглоом биш. Хүний амь настай холбоотой асуудал.
1980 оноос хойш Монгол Улс хүрэн баавгайн тооллогыг явуулаагүй. Ойрын үед тооллого явуулна. Тухайн үед 500 гаруй байгаа гэж тоо гаргаж байжээ.
Хадлан тэжээл бэлтгэж байгаа, самар жимсэнд явсан, уул хаданд явдаг хүмүүс анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулъя. Болж өгвөл ууланд алхахгүй байх, дор бүрнээ өөрийгөө хамгаалах хэрэгтэй байна.
Хамгаалах техник хэрэгсэл дутуу байгаа нь үнэн. Баавгай унтуулдаг буу, айлгах шүршдэг цацлагыг Засгийн газрын нөөц хөрөнгөөр авч, аймаг, орон нутгийн Байгаль орчны газруудад олгохоор шийдвэрлэлээ. Богино хугацаанд аялал жуулчлалын бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниудтай хамтран хилээр оруулж ирнэ. Дуудлагаар явж байгаа алба хаагчдын шатахууны зардал зэрэг шаардлагатай санхүүжилтэд нэг тэрбумын хөрөнгийг нөөц сангаас гаргах юм. Тусгай хамгаалалттай газруудад амьдаар барих тор хийх чиглэл өгсөн. Зарим аймгуудад амь тулсан нөхцөлд буудах квотыг өгье гэх шийдвэр гаргалаа.

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгууллаа
Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын үйлдвэр байгуулах, үйл ажиллагааг эрхлэх “Багануур нүүрс-химийн үйлдвэр” ХХК-ийг нийслэлийн өмчит хуулийн этгээдтэй хамтран компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 67 хувийг эзэмших нөхцөлөөр байгуулахыг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” XXK-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа. Үлдэх 33 хувийн хувьцаа эзэмшигчийг тогтоох асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэнэ.
Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилготой, жилд 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай, 400 хүнийг ажлын байраар хангах, 40 Мвт дулааны цахилгаан станц бүхий Нүүрс-пиролизийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг энэ оны IV улиралд эхэлж, 2028 оны I улиралд ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болгоод буй юм.
“Чингис хаан баялгийн сан” нэгдэл өөрийн эзэмшлийн хувийг охин компани “Эрдэнэс ҮТП” ХХК-иар, нийслэл өөрийн хувийг “Нийслэлийн түншлэлийн сан хувийн сан ХОС ТЗК” ХХК-иар дамжуулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Засгийн газрын тогтоол батлагдсанаар төрийн түншлэгчийн эрх зүйн этгээд тодорхой болж, сонгон шалгаруулалт, түншлэлийн гэрээ болон бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.
Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо
“Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх зөвшөөрөл, мэдгдлийг хүргүүлэх, лавлагаа, мэдээлэл өгөх журам”-ыг хавсралтаар баталлаа.
Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэхэд ашиглах систем, мэдээлэл солилцох сервисийн хөгжүүлэлт, сангийн цахим хуудасны ажиллагааг хариуцан зөвшөөрөл олгох, мэдэгдэл хүлээн авах эрх бүхий байгууллагуудад мэргэжил арга, зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыгхолбогдох албан тушаалтнуудад даалгав.
Журам батлагдсанаар төрийн байгууллагын хүнд суртал, баримт бичгийн давхардал, олон шат дамжлага бүхий хүндрэлтэй, тодорхойгүй асуудлууд шийдвэрлэгдэж, бизнес эрхлэх таатай орчин бүрдэж зах зээлийн харилцаанд оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаална.
Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас эхлээд олгох хүртэлх бүх үе шатны үйл ажиллагаанд холбоотой баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй хүргэх, цаашлаад албан тушаалын ашиг сонирхлын зөрчил буурч, авлигын индексийн үзүүлэлт болон эдийн засгийн голлох үзүүлэлтүүдэд ахиц дэвшил гарна гэж үзлээ.
БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна
Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулахаар шийдвэрлэлээ.
БНСУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний мэдээллээр Монгол Улсын 60 мянган иргэн тус улсад оршин сууж байна. 2025 онд давхардсан тоогоор 161,755 монгол иргэн БНСУ-д зорчжээ.
Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулснаар консулын үйлчилгээг иргэдэд ойртуулж хүртээмжийг нэмэгдүүлэн, шуурхай үйлчилгээ үзүүлэх, Инчон олон улсын нисэх буудлын хил дээрээс монгол иргэд олноор буцаагдаж байгаа асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд энэ салбарын үүрэг чухал гэж үзэж байна.
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсад төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын асуудлыг зохицуулсан бие даасан хууль байхгүй, суурь харилцааг Төсвийн тухай хуулиар, хөрөнгө оруулалтын төслийн төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, гүйцэтгэл, хяналт, тайлагналтын суурь асуудлыг бусад хууль тогтоомж болон Засгийн газар, Сангийн сайдын баталсан журам, аргачлалаар зохицуулж байна.
Тус хуулийн төсөл нь найман бүлэг, 63 зүйлтэй. Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг бүрдүүлж, улсын болон бүс нутгийн хөгжилд зориулсан төслийг үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтцийн болон нийгмийн хөгжлийг эрчимжүүлж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад төсвийн хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн нэгдмэл, цогц, таатай орчныг бүрдүүлэх томоохон ач холбогдолтой юм. Түүнчлэн, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын чухал харилцааг захиргааны хэм хэмжээний актаар зохицуулж байгааг цэгцэлж, журмаар бус хуулиар зохицуулах боломж бүрдэнэ гэж үзэж буй.