Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын аяны богцонд юу байв

2026-09-30
by

Ерөнхийлөгч бол нэг талдаа улсын эцэг. Хүүхэд бүр л аав хот яваад ирэхэд атга чихэр аваад ирсэн байгаасаa гэж горьдон хардаг. 

Төрийн тэргүүн У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт АНУ-ыг зорьж, НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд оролцоод ирсэн. Харин Ерөнхий сайд Н.Учрал энэ өдрүүдэд Япон улсад төрийн айлчлал хийж байна. 

Тиймээс гадаад явсан тэд маань богцоо юугаар дүүргэн ирэхийг горьдон хүлээх нь иргэдийн хувьд зүйн хэрэг. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Монгол Улс 2048-2049 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнд нэрээ дэвшүүлж байгааг албан ёсоор зарласан.  

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нь тус байгууллагын үндсэн 6 байгууллагын нэг бөгөөд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэг бүхий хамгийн өндөр эрх мэдэлтэй бүтэц юм. Учир нь, НҮБ-ын бусад байгууллагын шийдвэр зөвлөмжийн шинжтэй байдаг бол Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг НҮБ-ын гишүүн бүх улс заавал биелүүлэх учиртай. 

  • Аюулгүйн зөвлөл нь энхийг сахиулах ажиллагаа явуулах буюу дайн, үймээн самуунтай дэлхийн халуун цэгүүдэд НҮБ-ын Энхийг сахиулах хүчин буюу Цэнхэр дуулгатнуудыг илгээх шийдвэр гаргах. 
  • Энх тайван, аюулгүй байдалд заналхийлсэн орнуудад эдийн засгийн болон бусад төрлийн хориг арга хэмжээ тавих. 
  • Шаардлагатай тохиолдолд олон улсын энх тайвныг тогтоох зорилгоор цэрэг, зэвсгийн хүч ашиглан цэргийн ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох эрхтэй НҮБ-ын цорын ганц бүтэц юм.

Аюулгүйн зөвлөл нь нийт 15 гишүүн орноос бүрддэг. Гишүүн орнууд хоёр өөр статустай. Байнгын гишүүн болон байнгын бус гишүүн. 

Үүнээс АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи болон Франц гэх таван их гүрэн байнгын гишүүний статустай. НҮБ-ын дүрмээр эдгээр таван улс хэзээ ч өөрчлөгдөхгүй. Аюулгүйн зөвлөл ямар нэгэн шийдвэр гаргаж, тогтоол батлахад байнгын гишүүн таван улс заавал 100% нэгдсэн шийдэлд хүрэх ёстой. Хэрэв хэн нэг нь санал хураалтад эсрэг санал өгвөл тогтоол баталдаггүй.  

Харин Монгол Улс нэрээ дэвшүүлсэн Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн 10 орон нь бүс нутаг бүрээс дараах квоттой байдаг. 

  • Африкийн бүс: 3 суудал
  • Ази-Номхон далайн бүс: 2 суудал (Монгол Улс энэ бүст хамаарна)
  • Латин Америк ба Карибын бүс: 2 суудал
  • Баруун Европ ба бусад улс: 2 суудал
  • Зүүн Европ: 1 суудал

Байнгын бус гишүүн орнууд нь Аюулгүйн зөвлөлд геополитикийн тэнцвэрийг хадгалах гол хүч болдог. Аюулгүйн зөвлөл аливаа тогтоол батлагдахад байнгын гишүүн 5 орны нэгдсэн саналаас гадна хамгийн багадаа нийт 9 гишүүний зөвшөөрсөн санал шаардлагатай. Өөрөөр хэлбэл, байнгын гишүүн 5 орон 100% санал нэгдээд асуудлыг шийдэж чадахгүй. Багадаа байнгын бус 4 гишүүн орон дэмжиж байж аливаа тогтоол баталдаг. 

Аюулгүйн зөвлөлийн гишүүн 15 орон нь сар бүр ээлжилж хурлыг даргалдаг бөгөөд байнгын бус гишүүд нь тодорхой бүс нутгийн зөрчил, хүмүүнлэгийн хямрал эсвэл хориг арга хэмжээ авах талаар Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төслийг дангаараа болон бусад орнуудтай хамтран боловсруулж хэлэлцүүлэх бүрэн эрхтэй.   

Монгол Улсын багтдаг Ази-Номхон далайн бүсийн орнууд Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний суудлын төлөө хэдэн арван жилийн өмнөөс дараалалд орж, гадаад харилцаагаар дамжуулан дипломат тохиролцоонуудыг хийдэг. 

Манай улсын хувьд 1961 онд НҮБ-д элссэнээс хойш Аюулгүйн зөвлөлд нэг ч удаа сонгогдож байгаагүй 58 орны нэг юм. 

Аюулгүйн зөвлөлд сонгогдох нь Монгол Улсын гадаад бодлого, геополитик, үндэсний аюулгүй байдалд томоохон давуу тал, маш чухал ач холбогдолтой. Тухайлбал, 

  • Хоёр том их гүрний дунд орших Монгол Улсын хувьд дэлхийн хамгийн нөлөөтэй байгууллага болох НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн болсноор тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал болон олон талт гадаад бодлогын баталгаагаа үлэмж бэхжүүлэх.
  • Дэлхийн хэмжээний зөрчил, дайн, аюулгүй байдлын хямралыг шийдвэрлэхэд шууд санал өгөх, хэлэлцээрийн ширээний ард суух эрхтэй болох.
  • Монгол Улс 2002 оноос хойш 23,000 гаруй цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээж ирсний хувьд энэ туршлагаараа энхийг сахиулах бодлогыг тодорхойлоход идэвхтэй оролцох.
  • Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон бага буурай орнуудын эрх ашиг, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудлыг дэлхийн түвшинд гаргаж тавих боломж бүрдэх.
  • Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгээрээ дэлхийд танигдсан тул зэвсэглэлээр хөөцөлдөхийн эсрэг, энх тайвныг сахиулах санаачилгуудыг дэмжих геополитикийн лоббиг илүү хүчтэй хийх.
  • Монголын дипломатууд болон олон улсын эрх зүйн мэргэжилтнүүдийн чадавх дэлхийн хамгийн чухал байгууллагын түвшинд мэргэшиж, Монгол Улсын олон улсын тавцан дахь зөөлөн хүчний нөлөөгөө бэхжүүлэх зэрэг олон давуу талтай.  

Тиймээс ч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхийн тулд олон арван жилийн турш дипломат арга замуудыг тууштай хэрэгжүүлж ирсэн. 

Тэгвэл Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы сонгуулиар нууц санал хураалтаар сонгодог. Нэр дэвшигч улс нь сонгогдохын тулд хуралдаанд оролцож санал өгсөн орнуудын 2/3-аас доошгүй олонхын санал буюу хамгийн багадаа 129 орны дэмжлэг авах шаардлагатай. 

Байнгын бус гишүүний бүрэн эрхийн хугацаа 2 жил байдаг бөгөөд жил бүр 5 суудалд сонгууль явуулдаг. Бүрэн эрхийн 2 жилийн хугацаа нь дууссан орон дараагийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй. Заавал өнжих ёстой байдаг. 

Ерөнхий сайд Н.Учралын Япон улсад хийж буй албан ёсны айлчлал нь тус улсын өндөр технологи, цахим засаглал, хөрөнгө оруулалтыг эх орондоо нэвтрүүлэх асуудлуудыг  чиглэж байна.Ерөнхий сайдын гадаад улсад хийж буй анхны албан ёсны айлчлал нь Япон улс байгаа нь геополитик талдаа манай улс НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн гишүүн улсын статус олж авах асуудалтай нягт холбогдоно. 

Учир нь, Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ НҮБ-ын дүрэмд заасан “Дайсан улс” гэх тодорхойлолтыг цуцлах санал гаргасан. Дэлхийн II дайн дууссаны дараа буюу 1945 онд НҮБ-ын Дүрмийг (UN Charter) зохиохдоо ялалт байгуулсан тал гэж АНУ, ЗХУ, Их Британи зэрэг буюу холбоотон гүрнүүдийг, дайнд ялагдсан Тэнхлэгийн орнууд болох Япон, Герман, Итали зэрэг улсыг “Дайсан улс” гэж тодорхойлсон байдаг. 

Түүнчлэн НҮБ-ын дүрмийн 53 болон 107 дугаар зүйлд эдгээр “дайсан улсууд” дахин түрэмгийлэл үйлдэх шинж ажиглагдвал холбоотон орнууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тусгай зөвшөөрөлгүйгээр шууд цэргийн хүч хэрэглэх, эсрэг арга хэмжээ авах боломжийг нээлттэй үлдээсэн байдаг. Тиймээс энэ асуудал нь манай найрсаг гуравдагч хөрш болох Япон улсын гадаад бодлогод маш эмзэг асуудал байж ирсэн. 

Харин Монгол Улс болон Японы харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, цэцэглэн хөгжхийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” гэх нэгэн онцгой статусын хүрээнд тодорхойлогддог. 

Гуравдагч хөршийн “Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд Японы тал НҮБ-ын дүрмийн хуучирсан заалтыг хасуулах, Аюулгүйн зөвлөлийг шинэчлэхэд Монгол Улсын дэмжлэгийг авах сонирхолтой бол, манай улсын хувьд 2048 онд Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болоход Азийн тэргүүлэх гүрэн болох Японы олон улсын нөлөө, дипломат нөөц бололцоо амин чухал. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн айлчлалууд нь олон улсын тавцанд бие биеийнхээ стратегийн ашиг сонирхлыг харилцан дэмжих том тохирооны суурийг тавьж байна.

Иргэдийн хүлээдэг “богц дүүрэн ирэх үр дүн” нь зөвхөн өнөөдрийн эдийн засгийн тусламж, зээлээр хэмжигдэхгүй. Ерөнхийлөгчийн айлчлал дэлхийн геополитикийн тавцанд Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгааг дахин баталгаажуулж, 24 жилийн дараах стратегийн орон зайг бий болгосон бол Ерөнхий сайд Н.Учралын айлчлал тэрхүү орон зайд тоглолт хийх эхний алхам болж байна. 

Улсын эцэг ба Засгийн газрын тэргүүн хоёрын гадаад айлчлалын богцонд өнөөдрийн өөх, маргаашийн зээл тусламж гэхээс илүүтэй ирээдүйн аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бэхжүүлэхэд чиглэсэн үндэсний аюулгүй байдлын нүүдэл болж байна. Одоо харин эдгээр тохироо, санаачилгуудыг цаасан дээр үлдээлгүй, хөрсөн дээр ажил хэрэг болгох нь өнөөгийн болон дараа дараагийн төрийн тэргүүн, Засгийн газрын ажил болон үлдлээ.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Таслалтаараа тэргүүлдэг Х.Баттулга гадаад томилолтоороо ч тэргүүлж байна

Сүүлд нийтэлсэн DocX мэдээ