Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан Киргиз Улсад боллоо.
ШХАБ-ын түүх 1996 оноос эхтэй. ШХАБ-ын 10 гишүүн орны нийт хүн ам дэлхийн хүн амын 40 гаруй хувийг бүрдүүлдэг.
| Улс | Хүн ам | |
| 1 | Энэтхэг | 1.477 тэрбум |
| 2 | БНХАУ | 1.413 тэрбум |
| 3 | Пакистан | 259.3 сая |
| 4 | ОХУ | 143.4 сая |
| 5 | Иран | 93 сая орчим |
| 6 | Узбекистан | 38 сая орчим |
| 7 | Казахстан | 21 сая орчим |
| 8 | Тажикистан | 10.8 сая орчим |
| 9 | Киргизстан | 7.4 сая орчим |
| 10 | Беларусь | 9 сая орчим |
| НИЙТ | 3.47 тэрбум хүн | |
Манай улс 2004 оны 6-р сарын 17-нд ШХАБ-ын ажиглагч орон болсон бөгөөд тус байгууллагын анхны ажиглагч орны нэг юм.
Одоогоор ШХАБ-д 10 бүрэн эрхт гишүүн, хоёр ажиглагч орон, 15 яриа хэлэлцээний түнш орон бий.
ШХАБ-ын гишүүнчлэл, оролцооны хэлбэр:
- Бүрэн эрхт гишүүн: Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь
- Ажиглагч орон: Монгол Улс, Афганистан
- Яриа хэлэлцээний түнш: Азербайжан, Армени, Бахрейн, Египет, Балба, Шри-Ланка, Камбож, Мьянмар, Катар, Саудын Араб, Кувейт, АНЭУ, Турк, Мальдив, Лаос
Анх хил орчмын бүс дэх цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, зэвсэгт хүчнийг харилцан бууруулах асуудлаас эхэлсэн тус хамтын ажиллагаа өдгөө гишүүн орнуудын найрамдалт хамтын ажиллагааг бэхжүүлэх, энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах, терроризм, хар тамхи, зэвсгийн хууль бус эргэлттэй тэмцэх, цаашлаад улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүрээлэн буй орчны асуудлаар хамтын ажиллагааг дэмждэг байгууллага болон өргөжжээ.
Энэ жилийн ШХАБ ба томоохон уулзалтууд
Энэ удаагийн ШХАБ-ын дээд түвшний хуралдаан Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо 2026 оны 8-р сарын 31-нээс 9-р сарын 1-ний өдрүүдэд боллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуралдаанаас гадна БНХАУ, ОХУ, Киргиз Улсын төрийн тэргүүнүүдтэй биечлэн уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байдаг.
Дээрх уулзалтуудаас онцолбол,
- Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаровтой уулзах үеэрээ худалдааны эргэлтийг Евразийн бүс нутгийн хэмжээнд 100 сая ам.долларт хүргэх талаар ярилцаж, 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан.
- БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэрээ Худалдааны эргэлтийг ирэх 5 жилд 30 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавив.
- ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, “УБТЗ” ХНН-ийн техник, технологийг шинэчилж, ирэх таван жилд ачаа тээврийн хүчин чадлыг одоо байгаа 30 сая тонноос 50 сая тоннд хүргэх талаар ярилцжээ.
22 жилийн турш “Ажиглагчийн” статусаа хадгалж буйн учир
Манай улсын хувьд 2004 оноос ажиглагчийн статустай явааг дахин дурдъя.
Тэгвэл яагаад манай улс 20 гаруй жилийн турш статус ахиж, бүрэн эрхт гишүүн болохгүй байна вэ?
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримталдаг. Тиймдээ ч Монгол Улс ШХАБ-д бүрэн эрхт гишүүнээр элсэх асуудалд болгоомжтой хандсаар ирсэн шалтгааны нэг нь гуравдагч хөршийн бодлого болон гадаад харилцааны тэнцвэрийг хадгалах шаардлагатай холбоотой гэж судлаачид үздэг.
Өөрөөр хэлбэл, манай улс ШХАБ-д бүрэн эрхт гишүүнээр элсвэл бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын орон зай хумигдах магадлалтай гэсэн болгоомжлол бий.
Түүнчлэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд аль нэг талыг барьсан цэрэг-улс төрийн эвсэл, бүлэглэлд нэгдэхгүй, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцохгүй байх хатуу байр суурьтай. ШХАБ нь цэргийн эвсэл биш ч бүс нутгийн аюулгүй байдал, терроризмын эсрэг хамтын ажиллагааны тогтолцоотой. Иймээс Монгол Улс бүрэн эрхт гишүүн болох нь “эвсэлд үл нэгдэх” гэсэн бие даасан байр суурь алдагдах эрсдэлтэй.
Ташрамд, ШХАБ нь Европын Холбоо шиг эдийн засгийн нэгдсэн зах зээл, гаалийн нэгдсэн тогтолцоо бүхий гүнзгий интеграцын байгууллага биш. Тиймээс ШХАБ-ын гишүүн болсноор гаалийн татвар шууд буурах, экспорт огцом өсөх, хөрөнгө оруулалт шууд орж ирэх баталгаа байхгүй гэсэн үг.
Ийм нөхцөлд манай улсын геополитикийн нэг том давуу тал нь сонголт хийх орон зайгаа хадгалах явдал юм.
Учир нь бид ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн биш, НАТО-гийн гишүүн биш, ОХУ тэргүүтэй цэрэг-улс төрийн эвслийн гишүүн биш, аль нэг их гүрний улс төр, цэргийн блокт нэгдээгүй. Гэхдээ бид бүх талтай нээлттэй харилцаж, уян хатан гадаад бодлого баримталдаг.
Түүнчлэн Монгол Улс ажиглагчийн статустай байхдаа ч ШХАБ-ын дээд түвшиний уулзалтуудад оролцон, Орос, Хятад болон Төв Азийн орнуудын төрийн тэргүүнүүдтэй хоёр болон гурван талт уулзалт хийж, тээвэр, логистик, эрчим хүчний төслүүдээ хэлэлцэх боломжтой. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргах түвшинд хариуцлага хүлээхгүйгээр хамтран ажиллах нөхцөлийг одоогийн статус олгож байгаа юм.
Ийнхүү Монгол улс 22 жилийн турш ШХАБ-тай идэвхтэй хамтран ажиллахын зэрэгцээ бүрэн эрхт гишүүнчлэлийн асуудалд болгоомжтой хандаж ирсэн нь гадаад бодлогын уян хатан байдлаа хадгалах зорилготой холбоотой гэж дүгнэж болхоор байна.