ХҮН намын 8 гишүүн нийт 80 гаруй ажлын хэсэгт ажиллаж байна

2026-06-29
by

УИХ-ын Хаврын чуулган 7 сарын 3-нд хаагдана. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь ХҮН намын зөвлөл хаврын чуулганы хугацаанд хийсэн онцлох ажлуудаа тайлагналаа.

УИХ-ын гишүүн П.Ганзориг:

Хаврын чуулганы хугацаанд 12 удаагийн ээлжит, 1 ээлжит бус хурал хийсэн. 29 хуулийн төсөл, бодлогын гол асуудлуудыг хэлэлцэж, 8 удаа олон нийтэд хэвлэлийн хурал хийлээ. УИХ дахь ХҮН намын 8 гишүүн нийт 80 гаруй ажлын хэсэгт ажиллаж байна. ХҮН намын зөвлөлийн дэргэд тодорхой асуудлуудаар буюу Туулын хурдны зам, Замын хөдөлгөөний аюулгүй байдал, Нийслэлийн төсөв гэх асуудлаар ажлын хэсэг байгуулж ажилласан. 


УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

Миний хувьд ХҮН намаа төлөөлөөд 21 ажлын хэсэгт ажилласан байна. Шадар сайд Т.Доржхандын оруулж ирсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг энд онцолмоор байна. Засгийн газраас бизнесийн эрх чөлөөний тухай хууль орж ирсний дотор 99 холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт орох гэж байгаа. Үүн дотор хамгийн чухал асуудал бол Хөрөнгө оруулалтын тухай хууль байгаа. АН-аас Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль орж ирсэн. Энэ хоёрыг нэгтгээд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болгоод хэлэлцэх гэж байна. Энэ хуулийн хүрээнд хамгийн гол нь ажлын байр нэмэгдэх, ажлын байр нэмэгдсэнээр ХХОАТ болон ААНОАТ-ын төлөлт нэмэгдэнэ. Улмаар төсвийн орлого сайжирснаар нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх эдийн засгийн боломжтой болно.  


УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:

Энэ хаврын чуулган гишүүдийн хувьд нэлээн ачаалалтай өнгөрлөө. Миний хувьд 10 гаруй ажлын хэсэгт орж ажилласан. Энэ дундаас цахилгаан скүүтерийн тухай буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж ажиллалаа. Хууль санаачлагчаас ирүүлсэн төслийн 60 гаруй хувийг ажлын хэсгийн зүгээс өөрчилсөн. Мөн хуулийн хэрэгжилтийг хангахтай холбоотойгоор УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хорооноос бэлтгэж гаргасан. Үүнд, энэ хуулийн хэрэгжилтийг хангахын тулд Засгийн газар, НЗДТГ-тай хамтарч ажиллахаас өөр аргагүй. Дараагийн нэг чухал асуудал нь ТӨХК-ийн засаглалтай холбоотой асуудал. Энэ хүрээнд ТӨХК-ийг байгуулах хүрээ хязгаарыг хумих, ТӨХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд хараат бус гишүүдийг илүү оролцоотой байлгах вэ гэдэг дээр онцгой анхаарч ажиллалаа. 


УИХ-ын гишүүн Л.Энхнасан:

Хаврын чуулганаар миний бие 2 байнгын хороо, 12 ажлын хэсэгт гишүүнээр ажиллалаа. Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллахдаа нийгмийн эрүүл мэндийн бодлогын хувьд тамхи, тамхин бүтээгдэхүүний эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө болон эрсдэлийн түвшин харьцангуй адилгүй байгаа учир татварын бодлого болон онцгой албан татварыг ялгавартай үзэх нь зүйтэй гэх байр суурь илэрхийлж, зарчмын зөрүүтэй саналаа тусгуулсан. Хүүхдүүд электрон тамхийг дэлгүүрээс бус онлайн захиалгаар авч байгаа. Тиймээс цахим худалдаа, цахим борлуулалт, сурталчилгаанд хяналт тавьж, сайжруулах заалтуудыг тогтоолд тусгууллаа. 


УИХ-ын гишүүн П.Наранбаяр:

Хаврын чуулганы эхний нэг сард миний бие Боловсролын сайдаар ажиллаж байсан. Тухайн үедээ 4 ажлыг голчилж хийсэн байна. Тухайлбал, Багш, ажилтнуудын үндсэн цалинг 50 хувь өсгөсөн. Боловсролыг дэмжих жилийн хүрээнд хөрөнгө оруулалтыг 1.1 их наяд болгож, 2 дахин өсгөсөн. Сургуулийн өмнөх болон бага боловсролын хөтөлбөрийг шинэчлэн баталсан. Хувийн хэвшлүүдтэй хамтраад багийн бага сургуулиудыг хөдөө газар байгуулж, хүүхдүүд гэрээсээ сургууль руугаа явдаг боломжийг олгож эхэлсэн. Хуулийн төслийн тухайд, нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төслийг санаачлаад, өргөн барихад бэлэн болоод байна.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

6 сар 2026
М Т W Т F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Previous Story

Баян-Өлгий дэх Казахстаны консулын газар: БОЛОМЖ УУ, БОЛГООМЖЛОЛ УУ?