Шатахууны хомсдол даваа гарагт шийдэгдэнэ. Хэвийн болно гэж баасан гарагт мэдэгдэж байсан АҮЭБ-ийн сайд өнөөдөр /2026.08.17/ ууртай байна.
Тэрбээр долоо хоногийн өмнө ОХУ-ын Эрчим хүчний яам, “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай очиж уулзсан. Үр дүнд нь энэ сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш Монгол Улсад нийлүүлэхээр тохиролцлоо гэсэн.
Харин гурав хоногийн өмнө,
“Сүүлийн 48 цагт манай улсад нийт 146 вагон буюу 8760 тонн АИ-92 улсын хилээр нэвтэрч орж ирсэн байна. Манай улсын ердийн хэрэглээний 4-5 хоногийн хэрэглээ юм. Араас нь өнөөдөр орж ирэх 42 вагон буюу 2520 тонн ирж явна. Өнөөдөр ШТС ууд руу хангалтууд хийгдэж эхэлсэн” гэж байв.
Харин өнөөдөр нөхцөл байдал огт өөрчлөгдөөгүй, иргэд урт дараалалд олон цагаар дугаарласан хэвээр байна. Үүний бурууг сайд Г.Дамдинням импортлогч ААН-үүд рүү чиглүүллээ. Тэднийг шатахуунтай хэр нь 24 цаг ажиллахгүй, албаар урт дараалал үүсгэж байна гэлээ.
Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах аж.