Ерөнхий сайд Н.Учрал 9-р сарын 4-ний өдөр 1072 хувьцаатай холбоотойгоор Сүхбаатарын талбайд иргэдтэй уулзсан. Энэ үеэр зарим иргэд түүнийг 6-7 тооны төрийн тусгай хамгаалагчтай явж байна хэмээн ундууцаж харагдсан. Түүнчлэн өнгөрсөн 7 хоногт Ерөнхий сайд Н.Учрал өөрийгөө ашиг сонирхлын зөрчил гаргасан эсэхээ шалгуулахаар АТГ-т хандах үеэр АН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Энхмөнх түүнтэй зөрчил үүсгэсэн. Энэ үеэр Б.Энхмөнх нь Ерөнхий сайдыг хамгаалж байсан төрийн тусгай хамгаалалтынхан руу орилж, “Надад халдлаа” хэмээн шуугиан тариад авсан. Тэгвэл дээрх жишээнүүдэд үндэслэн төрийн тусгай хамгаалалтын талаар товч мэдээлэл хүргэе.
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6-р зүйлд Төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэнийг тодорхойлж өгсөн.
Товхондоо, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, эдгээр албан тушаалтны гэр бүл, тус албан тушаалд нэр дэвшигч, уг албан тушаалыг хашиж байсан иргэн, зэрэг орно.
Тэгэхээр Ерөнхий сайд Н.Учрал төрийн тусгай хамгаалалтаар хамгаалуулах субъект мөн гэсэн үг.
Тэгвэл иргэдтэйгээ уулзахдаа хамгаалалтгүй байж болохгүй гэж үү? Мэдээж үгүй.
Тус хуулийн 8-р зүйлд хамгаалуулагчийн үүрэг гэж бий. Энд хамгаалуулагч төрийн тусгай хамгаалалтын байгууллага, алба хаагчаас тавьсан хууль ёсны хүсэлт, зөвлөмж, шаардлагыг хүндэтгэн биелүүлнэ. Мөн дээрх албан тушаалтнууд нь төрийн тусгай хамгаалалтаас татгалзахыг хориглоно гэж заасан. Н.Учрал магадгүй попроод, “ард түмэн намайг хамгаална” гэж хамгаалагч нараа хөөсөн ч тусгай хамгаалалтынхан түүнийг хамгаалахаа зогсоохгүй гэсэн үг.
Бусад улс оронд ч төрийн тусгай хамгаалалтын хууль өөр өөрсдийн онцлогтойгоор хэрэгждэг. Жишээ нь,

АНУ-д төрийн тэргүүнээс буусан буюу экс ерөнхийлөгч болон түүний гэр бүлийг насан туршид нь хамгаалдаг.

БНСУ-д Төрийн тусгай хамгаалалтын алба биш Presidential Security Service (PSS) буюу Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын алба гэх нэгж бий. Тус улсын хувьд Экс ерөнхийлөгчөө 10 жилийн турш хамгаалах зохицуулалттай.

ОХУ-ын Төрийн хамгаалалтын тухай хуулиар “ОХУ-ын Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж байх хугацаанд төрийн хамгаалалтаас татгалзах эрхгүй” гэх заалт бий.

БНХАУ-д тусгай хамгаалалт нь зөвхөн төрийн албан тушаалаар хязгаарлагдах бус намын удирдлагын тогтолцоотой нягт холбогддог. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын дарга, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаас гадна нам төрийн дээд удирдлагууд, ХКН-ын төв хорооны ЕНБД-ыг хүртэл тусгай хамгаалалтаар хамгаалдаг байна.

Японд Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчээ мөн цагдаагийн тусгай хамгаалалтад авдаг.
Тэгэхээр төрийн тусгай хамгаалалт гэдэг нь хэн нэгэн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнийг хамгаалах тухай ойлголт биш. Харин төрийн өндөр албан тушаалтан, ялангуяа үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний аюулгүй байдлыг хангах замаар улс орны үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тогтолцооны нэг хэсэг юм.