УИХ-ын намрын чуулган өмнөх долоо хоногийн мягмар гарагт /2026.09.15/ нээлтээ хийсэн. Чуулган долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт хуралдах учиртай. Гэсэн ч өнөөдрийг хүртэл гишүүд ирцдээ бүрэн орж, чуулганаар хэлэлцэх гол асуудлаа хэлэлцэж эхлээгүй хэвээр байгаа.
Өнөөдрийн тухайд чуулган хуралдах учиртай ч зөвхөн маргааш л хуралдах тов гарсан байна.
МАН-ын дотоод хагарал, АН-аас тавьж буй шаардлага, Үндэсний эвслийн гишүүдийн шалтгаангүй таслалт энэ галыг өрдөж буй. Тэд хоёр хоногийн өмнө ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг чуулганаар танилцуулах, томилох дээр л зөвхөн нэгдэж, ирцдээ орцгоосон. Тэгээд дахиад л хэдэн тийшээ харчхав бололтой.
Өөрөөр хэлбэл УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор зарим гишүүд “УИХ, гишүүд ажлаа хийхгүй бол тарцгаая, санаачилъя, дэмжинэ” гэх зэргээр дуугараад эхэллээ. Иргэд ч бухимдалтай байна.
Өчигдөр /2026.09.23/ үймээний гол эзэд гэж болох Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН-ын зарим гишүүд Ерөнхий сайдтай уулзсан. Ингэхдээ “Л.Энх-Амгаланд хариуцлага тооцвол чуулгандаа сууна гэсэн” гэх шуум л явлаа.
Тэд 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсөв, цаашлаад УИХ-ын үйл ажиллагаанд гацаа үүсгэхгүй байх эсэх дээр санал нэгдэж чадсан эсэхийг маргааш хуралдах чуулганы хуралдааны ирц харуулна.