АҮЭБЯ-ны Ашигт малтмал газрын тосны газрын, газрын тосны хэлтсийн дарга Д.Даваабаяр иргэдийг “бензинээ зөв зохистой, хэмнэлттэй хэрэглэж, хэрэглээндээ таарсан байдлаар авч, зүй зохистой зохицуулах”-ыг уриалав.
Энэ уриалгыг бид ирэх өвөл хэд сонсохыг таашгүй. Наадмаас өмнө хомсдож эхэлсэн шатахуун, түүнийг дагасан асуудал одоо ч үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, бид газрын тос боловсруулах үйлдвэргүй, ганцхан улсаас хараат байдаг зовлонгоо үүрцгээж байна.
Энэ бол сайд огцроод, хэн нэг албан тушаалтанд хариуцлага тооцоод шийдэгдчих асуудал биш юм. Гэхдээ тусгаар улс тул иргэд бухимдах нь аргагүй, эрүүл үзэгдэл. Гадаа хүйтэрч, шатахуун хомсдож, олон цагаар дугаарлаж буй дүр зургийн цаана иргэдийн амьдралд олон асуудал босож ирж байгаа нь мэдээж.
Өнгөрсөн өвөл л гэхэд олон хоногоор шатахуун тасалдаж, улс даяараа зутарсан. Харин энэ жил зун, намар дамнаад өвөлтэй золгох гэж байна. Гэхдээ шийдэл алга. Нөхцөл байдал улам хүндэрлээ гэхэд албанынхан маш боловсноор гуйлга гуйхаар хоёр хөрш рүүгээ л мордоно. Энэ цикл үргэлжилдгээрээ үргэлжилж, гал намжаах байдлаар аргацаасаар өвлийг давах болов уу. Дагаад “Олдож л байвал, үнэ хамаагүй” гэдэг үгтэй болсон байна.
Энэ нөхцөл байдлаас гарах хүлээлтийг 2028 он гэж тооцоолсон. Учир нь хоёр жилийн дараа манай улс газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа билээ.