Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт сүүлийн 18 жилийн хугацаанд улсын төсвөөс олгосон мөнгө ямар үр дүнд хүрснийг олон нийтэд нээлттэй хүргэх зорилготой хяналтын сонсгол гацсан асуудлаар гишүүд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн М.Мандхай:
Өнөөдөр 4.4 их наяд төгрөгийн зээлийн асуудлыг хөндөх байсан. Сонсголоо эхлүүлж чадаагүй учир хэдэн тоо хэлье. Энэ 4.4 их наяд төгрөгийг зарцуулахад хоёр өөр эзэмшилтэй нэг компани дундаа нэг таслалтай эсвэл зай аваад зээл авчихсан. Нэг регистртэй, хоёр өөр компанийн нэршлээр зээл авчихсан. Зээлийн зориулалтын дагуу зээлийг ашиглаагүй. Хадгаламждаа тухай зээлийн мөнгийг байршуулаад бэлнээр гаргаж авсан.
Зээлийг бодитой зарцуулсан эсэхт хяналт шалгалт хийхэд хашаандаа хуучин тоног төхөөрөмж, зарим тоног төхөөрөмж нь байхгүй, үнийн дүн зах зээлээс буурсан ийм үнэлгээтэй тоног төхөөрөмжийг үзүүлж байсан гэх мэт олон үндэслэлээр Аудитын газрын дүгнэлтээр ноцтой зөрчлүүд илэрсэн. Энийг ард түмний өмнө нээлттэй ярья гэж энэ сонсголыг хийсэн боловч ирцийг хүргэсэнгүй. Гэхдээ бид ингээд зогсохгүй.
Үргэлжлүүлээд энэ 4.4 их наяд төгрөгийг хэдэн компани, юунд зарцуулсныг ил тод болгох үүднээс Хянан шалгах түр хороог байгуулахаа зарлаж байна. Энэ түр хороогоор гарын үсэг цуглуулаад УИХ-ын тогтоолын намрын чуулганаар амжиж батлуулна. Батлуулаад дараагийн дэлгэрэнгүй мэдээллийг гаргахаар ажиллана.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
Энэ парламентын түүхэнд анх удаа болж байгаа үйл явдал байх. 2024 оноос хойш ямар ч түр хороо ингэж дундаасаа ирцийн бойкотод орж, тасалдаж байсан удаагүй. Өнөөдөр хамгийн сонирхолтой зүйлийг танилцуулах байсан. “Хүнсний хувьсгал”, “Атар-4”, “Цагаан алт”, “Ноолуур бэлтгэл”, “Шинэ хоршоо”, Эрүүл мэндийн 10 их наядын татаасуудыг хэн хэн ямар компанид, яаж олгосон. Аль нь найдваргүй зээл олгосон гэдэг дээр шинжээчийн дүгнэлтийг танилцуулах байлаа.
Нэр дурдсан хөтөлбөр, төслүүд дээр материалууд ирүүлээгүй. Шүүхэд нэхэмжлэл гарган, шүүхээр хянагдсан 101 харилцагч байна. Шүүхийн шийдвэр гарсан 73 харилцагч. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж байгаа 87 харилцагч. Энэ компани харилцагчийг дотор нь анализ хийж үзэхээр сонин юм гарч байна.
Нэгдүгээрт, хамгийн их зээл, дэмжлэг авсан нь Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий аймагт байна. 2008, 2011 оных үнэхээр байхгүй. Архивыг нь жалганд аваачиж шатаасан гэдэг мэдээлэл ирсэн. Тэрийг больё. Тэгвэл 2010, 2011 онд найдваргүй зээлийн ангилалд орчихсон компаниудад 2021, 2022 онд яагаад дахиад олгодог юм. ААН-ийг ойлгож болно. Гэтэл 451 саяын зээл авчхаад үлдэгдэл нь хэвээрээ байна. Огт төлдөгггүй. 120, 174 тэрбумыг авчхаад огт төлөөгүй. Хамгийн их мөн зарцуулсан нь 2023-2026 оны хооронд байна. 2026 оны долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаарх тоог танилцуулъя.
Хүнсний хангамж аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөн
Шинэ хоршоо, чинээлэг малчин үндэсний хөдөлгөөн
Цагаан алт үндэсний хөдөлгөөн
Атар-4 аян нийт дүн нь 2.6 их наяд. Будаа, энэ монголын ард түмний мөнгө байхгүй юу. Эргэн төлөгдөөгүй, үлдэгдэлтэй байгаа. Гэтэл 2027 онд дахиад энэ хөтөлбөрүүд дээр дэмжлэг авна гээд 281 тэрбум төгрөг дахиад төсөв дээр оруулаад ирж. Эндээс харвал нэг сайдын үед олгогдсон чанаргүй, найдваргүй зээл өнөөдрийг хүртэл шүүх дээр байгаа. Энэний араас явдаггүй. Төрийн эс үйлдэхүй байдаг. Шаардлагатай бол эдгээр ААН-үүдийг зарлана. 10, 20 сая төгрөг авах гэж байгаа жижигхэн ААН-үүд, малчин, хүнсний ногоо тариалж байгаа хүмүүст энэ зээл очдоггүй. Энийг ярихаар ирцийг шууд бойкотолж байна.
