АН-ын 4:11 мэдээллийн хөтөлбөрөөр тус намын гишүүн, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан тодорхой асуудлуудаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямыг Монгол Улсын нефтийн импортын зах зээл дээр эргэлддэг 2.5 сая долларыг картелуудад шилжүүлж, намын санхүүжилтээ босгож байж болзошгүй хэмээн мэдэгдэв.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Засгийн газар болоод Г.Дамдинням сайдыг 7-р сараас хойш тэвчээртэй хүлээсэн. Шатахууны хомсдол 7-р сараас бодитой эхэлсэн. Сайд нар нэг удаа шатахуун авах гэж гадаа хонож үзсэн юм уу? Хөдөө явж байгаад шатахуунгүй болж, хээр хонож үзсэн юм уу? Г.Дамдинням сайдын ярьж байгаагаар их л ажил хийгээд байгаа юм шиг үлгэр ярьсаар байгаа.
2025 оны 6-р сард Г.Дамдинням анх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болсон. Сайд болохдоо бүгдийг мэддэг чаддаг гээд УИХ-д тангараг өргөсөн. 2025 оны 12-р сард Г.Дамдинням сайдын лоббигоор “Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай” хуулийг УИХ-аар батлуулсан. Энэ нь нефт шатахуун импортлогч компаниудад Монголбанкнаас нөөцийн сав барих зээл байдлаар 500 тэрбум төгрөг өгөх тухай хууль юм. Анх 2013 онд 5 хувийн хүүтэй байсан. Арилжааны банкнуудад хүрэхээрээ эрсдэл, шимтгэл нэмэгдээд 18 хувийн хүүтэй болсон. Энэ 18 хувийн хүү өнөөдөр бодит байдал дээр 9 хувь болж буурсан. Нэмээд зээлийн хүүгийн татаасыг татвар төлөгчдийн мөнгө буюу улсын төсвөөс 2026 онд 20 тэрбум төгрөг авсан.
Тэгвэл шатахуун түгээх сав барихаар ядарсан ард түмний мөнгөнөөс зээлийн хүүгийн татаас авч хэрэгжүүлж байгаа дараах компаниуд байна. Үүнд:
- Шунхлай трейдинг ХХК – 30 тэрбум
- НИК ХХК – 16 тэрбум 104 сая
- Петро хаан ХХК – 10 тэрбум
- Шинэ Эрин Ойл ХХК – 6 тэрбум
- Монсуль ХХК – 5 тэрбум 170 сая 500 мянга
- Синчи Ойл ХХК – 5.1 тэрбум
- Тэс Петролиум ХХК – 5 тэрбум
- Сан Петролиум ХХК – 5 тэрбум
- Содмонгол групп ХХК – 3 тэрбум 131 сая
- Өү Жи Энержи Ойл ХХК – 2 тэрбум 750 сая
- Веллком ХХК – 2 тэрбум 750 сая
- Петролайн ХХК – 2.7 тэрбум
- Интернэйшнл ХХК – 2.5 тэрбум
- Морьт Говь Ойл ХХК – 2.5 тэрбум
- Либра Энержи ХХК – 2 тэрбум
- Ди Би Ойл ХХК – 750 сая
- Хөрс-Авто Сервис ХХК – 397 сая төгрөгийг тус тус арилжааны банкнуудаар дамжуулан авсан.
Ердөө есхөн хувийн хүүтэй зээл авчхаад ард түмний татварын мөнгөнөөс нэмээд 20 тэрбумын татаас авч байгаа.
Ташрамд, Содмонгол групп ХХК 2025 оны 9 сарын 17-нд Эрдэнэс таван толгойгоос 450 тэрбум төгрөгийн дизель нийлүүлэх тендерт ганцаараа ороод шалгарсан.
Улс төдийгөөс өдийг хүртэл импортын татварыг нь тэглэж, татварын хөнгөлөлт олгож, ямагт үнийн хөөрөгдөлтөөс сэргийлж ирсэн. Гэтэл Г.Дамдинням АИ92 бензиний үнийг 2000 төгрөгөөр нэмчихсэн. Улс үнийг нь барихын тулд л ААН-үүдэд татварын хөнгөлөлт олгодог байсан. Гэтэл одоо татварын хөнгөлөлт нь 0 хувь, нэмээд үнэ нь чөлөөтэй болчхож байгаа юм. Тэгэхээр Монгол Улсын нефтийн импортын зах зээл дээр эргэлддэг 2.5 тэрбум доллар буюу 9 их наяд төгрөг Г.Дамдинням сайдаар дамжуулан картелууд руу шилжиж байна. Би үүнийг МАН-ын сонгууль буюу энэ намын санхүүгийн дэмжлэг гэж ойлгож байна. Г.Дамдинням шиг ийм сайд монголын түүхэнд байгаагүй” хэмээсэн юм.