Шатахууны шуурхай штаб Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ. Харин Н.Учрал,
“Засгийн газар бензин зардаггүй. Олоод ирсэн шатахууныг импортлогч та бүхэн зарж ашгийг нь хүртдэг. Яагаад ард иргэдэд төвөг учруулахгүй түгээж болохгүй байгаа юм бэ. Олоод ирсэн нь буруутаж орлого олдог нь хариуцлагагүй хандаж болохгүй.
Дэлхийн байдлыг бид засаж чадахгүй ч дотооддоо шийдэж болох асуудлаа шийдэцгээ. Монополын эсрэг газар ажлаа хий. Зарим шатахууны компаниуд монопол үүсгээд байгаа мэдээлэл байна. Ард иргэдийн шаардлага, Ардчилсан намын зүгээс тавьж буй шаардлагыг хүлээж ав. Ардчилсан нам зун Д.Батлутыг, саяхан С.Амарсайханыг огцруулах шаардлага тавьж байсан. Би шат шатанд хариуцлага тооцоод л явж байна. Цаашид ч тооцно” гэжээ.
Иргэд өчигдөр шатахууны хомсдолоос үүсэж буй нөхцөл байдлыг эсэргүүцэж жагссан. Шуурхай штаб ч уг шалтгаанаар хуралдсан нь мэдээж.
Анзаарвал Д.Батлут сайдыг чөлөөлж магадгүй гэдэг агуулга тэрний хэлснээс ойлгогдож байна. Мөн С.Амарсайханыг Ардчилсан намын шаардлагаар чөлөөлсөн гэчихлээ. Ингээд харвал Ардчилсан намаас, ард иргэдийн жагсаалаас Ерөнхий сайд айж байгаа бололтой. Японоос ирсэнээсээ хойш ч үзэгдэж, харагдсангүй. Өнөөдөр л гэхэд Засгийн газрын албан ёсны хуудсаар түүний байр суурийг пост болгож, хэдэн өгүүлбэрээр нийтлээд өнгөрөв.