Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Тэрбээр, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.
Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, 745 мянган тн үр тариа, ургац хураан авсанд Орхон аймгийн төр, захиргаа, хувийн хэвшил, иргэдийн хувь нэмэр өндөр байсныг тэмдэглэв.
Гадаад харилцаа өргөжин, 21 улсын төрийн тэргүүн айлчилж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхэжсэн жилүүд болж байгааг онцоллоо.
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөж 330 сая ам.долларт хүрсэн. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжиж, 116 сая мод тарьж, ургуулаад байгааг дурдлаа.
Эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болох нь чухал байгааг тэмдэглэв.
Цаашид бүх шатанд сахилга, хариуцлагыг чангатган, ёс зүйтэй байж, төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататган, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, эх орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хичээн зүтгэхийг уриалав.