Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг малчин айлын гэр рүү баавгай дайрснаар нэг иргэн амь хохирч, нэг иргэн хүнд шарх авсан харамсалтай үйл явдал боллоо.
Сарын өмнөөс суурьшлын бүс болон хөдөө бэлчээрийн бүсүүдэд баавгай олноор үзэгдэх болж, айлын гэр, эд хөрөнгө, мал руу дайрч их хэмжээний хохирол учруулах болсон. Харин салбар яам болоод албаны хүмүүс өмнө нь ийм асуудалтай тулгарч байгаагүй гэх ганцхан шалтгаанаар яах учраа олохгүй өнөөдөртөө золгосон.
Баавгайтай таарвал залгаарай, алим жимс хаяж өгөөрэй, унтуулгын буу байтугай сум ч байхгүй гэхээс хэтрээгүй. Нөгөө талд хүрэн баавгай нь Монгол орны ховор амьтны жагсаалтад багтдаг учир зөвшөөрөлгүйгээр агнах, хороох хориотой. Энэ шалтгаанаар гэрээ сүйтгүүлсэн, малаа идүүлсэн, эд хөрөнгөө үрэн таран хийлгэсэн иргэд яаж ч чадахгүй мөн л өдийг хүрч байна.
Гагцхүү төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрлөөр л барьж, агнаж болно гэж байгаа юм. Хэрэв зөвшөөрөлгүй бол 5.4-27 сая хүртэл төгрөгөөр торгуулж, 1-5 жилээр зорчих эрхээ хязгаарлуулж, эсвэл хорих ялд унана. Харин хүнийг баавгайнаас хамгаалсан хуулийн заалт байхгүй.
Өөрөөр хэлбэл байвгай хүн барьж болно, хүн байвгайг барьж болохгүй гэсэн үг. Гэхдээ хүн байвгай хоёрын аль нь үнэ цэнтэй вэ, Ц.Сандаг-Очир сайд аа!