Оюу толгойгоос орж ирэх 3 их наяд төгрөгийн ногдол ашгийн нэг их наяд төгрөгийг иргэний хуримтлалын санд оруулна. Иргэд эрүүл мэнд, боловсрол, орон сууцандаа зориулна гэж Ерөнхий сайд мэдэгдэж байв.
Үлдсэн 2 их наяд төгрөгөөр нэн тэргүүнд эрчим хүч, боловсролын салбарын шинэчлэлд хөрөнгө оруулж, ХХААХҮ, эрүүл мэнд, соёл, байгаль орчин болон зам тээвэр зэрэг салбарт хөрөнгө оруулахаар нэг удаагийн хуулийн төслийг боловсруулан 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан ч өнөөдөр эргүүлэн татлаа.
Товчхондоо Оюу толгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг бүгд Хуримтлалын санд буюу иргэдийн мэдэлд шилжлээ. Гэхдээ энэ мөнгийг ирэх онд иргэдийн дансанд хувааж шилжүүлнэ, бэлнээр шууд тараана гэж ойлгож болохгүй.
Нэг их наяд төгрөгийн сургаар нийт иргэндээ хуваагаад нэг хүн 278,563 төгрөгийн ногдол ашиг авна гэж тооцоолсон. Харин 3 их наяд төгрөгийн сургаар нэг иргэнд 835,689 төгрөгийн ногдол ашиг ирэх нь гэх таамаг яриа газар авч байна.
Тэгвэл Хуримтлалын санд төвлөрүүлэх 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг хэзээ авч, юунд зарцуулж болох вэ.
Нэгдүгээрт, иргэд энэ мөнгийг зөвхөн эрүүл мэнд, боловсрол, ипотек буюу орон сууц худалдаж авахдаа зарцуулна
Хоёрдугаарт, хуулиараа 2030 оноос буюу дөрвөн жилийн дараа л Хуримтлалын сангийн өгөөжөө хүртэж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, хуулиараа Хуримтлалын сангийн мөнгийг 2030 оноос өмнө дээрх зохицуулалтаар зарцуулах боломжгүй гэсэн үг.
Хуримтлалын санд төвлөрүүлэх мөнгийг Монголбанкан дахь төрийн сангийн дансанд байршуулна.
Байршуулсан мөнгийг Монгол Улсын иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд бүртгэнэ. Монголбанк Засгийн газартай гэрээ байгуулсны үндсэн дээр Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд бодлогын хүүгээс багагүй хувиар хүү тооцох, эсхүл бодлогын хүүгээс багагүй өгөөжтэй, санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулах замаар арвижуулна гэж хуульд мөн тусгажээ.
Бид хуримтлалын дансандаа хэдэн төгрөгтэй эсэхээ “И-Монголиа”-аар нэвтрээд харах боломжтой. Одоогоор иргэн миний Хуримтлалын данс лав хоосон байна.