Нийгмийн сүлжээнд 400,000 хуурамч хаяг бий. Эдгээр хаягуудын цаана нуугддаг, ажиллуулдаг, зохион байгуулалттайгаар удирддаг хүмүүсийг “тролл” гэж нэрлэдэг. Тэд бол зохион байгуулалттай бүлэг. Хууль бус мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээдэг, тэгж орлого олдог гэмт бүлэг юм.
Энэ гэмт бүлэглэлийн хийдэг гол ажил нь нийгмийн сүлжээнд худал мэдээллийг асар хурдан, олон удаагийн давтамжтай, өргөн хүрээнд түгээх. “Худлыг мянга давтахаар үнэн болдог” гэдэгтэй адил зарчмаар ажилладаг гэсэн үг.
Зорилго нь хэн нэг улстөрч, эрх мэдэлтэй, мөнгөтэй хүний эрх ашгийг хууль бусаар хамгаалах. Мөн нийтийн эрх ашиг, сайн сайхны эсрэг дуугарах. Мэдээж үүний ард өөрийн болоод өөрсдийн эрх ашгаа гүйцэлдүүлэх гэсэн бүлэглэл, улстөрчид, мөнгөтэй эзэд нуугдаж байдаг. Тэдний дохиураар юу ч хамаагүй хийж, хэнийг ч харлуулж, нийтийн эрх ашиг цаашлаад бүр улс орныхоо аюулгүй байдал, бодлогын эсрэг дуугарч өгөөд их хэмжээний мөнгө авдаг. Товчхондоо эздийнхээ эрх ашгийг л хамгаална гэдэг ганцхан зорилготой.
Энэ чиглэлд Кибер аюулгүй байдлын хууль болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд хамаатуулж үзэж болох ч нарийвчилсан заалт алга байна.
Өмнө нь ганцхан Эрүүгийн хуулийн 13.14.1 дэх заалтаар зохицуулдаг байв. Харин одоо энэ заалт хүчингүй болсон.
Хүчинтэй байсан бол,
Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,
эсхүл 240 цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэдэг байв.
Ингээд харвал нууц хаягуудыг илрүүлэх, илрүүлсэн тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээлгэх эсэх улам тодорхойгүй болжээ. Үүнийг “тролл арми” хүрээгээ тэлэх, нийгмийг хүссэнээрээ талцуулах, ямар ч цензургүй байх нэг үндэслэл шалтгаан гэж ойлгож болохоор байна.