Хотын дарга асан Х.Нямбаатарыг Авлигатай тэмцэх газраас яллагдагчаар татан шалгаж эхлээд буй. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах…” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Мөн түүнийг интерполоор эрэн сурвалжлуулахаар АТГ хүсэлт гаргаад байна.
Харин тэрбээр суралцаж байгаа нэрээр Канадад суурьшиж байгаа бөгөөд “удахгүй Монголд ирж шалгуулна, ирэх өдрөө зарлана” гэж мэдэгдээд байв.
Гэхдээ өнгөрсөн амралтын өдөр “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хөрөнгө, орлогоо нотолсон эхний өдөр нь давхиад очно” гэж мэдэгдлээ. Товчхондоо тэр ирэхгүй гэдгээ зарлаж, өрнөж байгаа үйл явдлуудын ард Ерөнхийлөгчийг байгаа гэсэн.
Арваннэгдүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн МАН-ын бага хорооны хурал болно. Тус хурлаар Нийслэлийн МАН-ын хороо шинэ даргаа сонгоно. Одоогоор Хотын дарга асан Х.Нямбаатар дарга хэвээр байгаа. Түүний оронд одоогийн Хотын дарга Б.Пүрэвдагвыг сонгох юм. Мөн Х.Нямбаатарын хүмүүс гэгддэг Чингэлтэй дүүргийн засаг дарга Л.Мандуул болон Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ц.Баттөр нарыг чөлөөлөх тогтоол гараад байна.