Хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) гишүүнийг сонгон шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт оруулснаар өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан Э.Эрдэнэжамъяныг нэр дэвшигчээр бүртгэжээ.
ХЭҮК-ын гишүүн болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг зургаан жилийн дараа буюу 2026.10.26-нд шинэчлэн баталсан. Гэвч уг журамд тусгагдсан гол шалгууруудыг өөрчилж, хассан нь хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоонд ухралт боллоо хэмээн хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд шүүмжилж байв. Шинэчилсэн журмаар дараах шаардлагуудыг хүчингүй болгожээ.
- Эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан байх (ажилласан жилийг хамаарахгүй болгосон),
- Хүний эрхийн чиглэлээр таваас доошгүй жил ажилласан байх;
- Сахилгын шийтгэлээр ажлаас халагдаж байгаагүй байх,
- Ял шийтгүүлж байгаагүй байх,
- Сүүлийн таван жилд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй байх.
Эдгээр өөрчлөлтийн дараа ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад нийт 20 иргэнийг оролцогчоор бүртгэсний дунд Эрдэнэбилэгийн Эрдэнэжамъян багтжээ. Тэрбээр 2012 онд Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын авлигын хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг Интерполоор эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох хүсэлт бүхий захидал илгээсэн асуудлаар шалгагдсан. Улмаар 2014 онд шүүхээс түүнийг албан тушаалын байдлаа ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээр хасах, мөнгөн торгууль ногдуулах ял шийтгэл оноосон юм.
Мөн Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнийн улс төрийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж, улс төрийн албан тушаалтны ажил эрхэлж байсан. Иймээс шинэчилсэн журмын талаар ХЭҮК албан тайлбар хийхгүй бол олон нийтийн итгэл алдарч, хараат бус бие даасан байх үндсэн зарчимтайгаа зөрчилдөх эрсдэл үүсээд байна.
Энэхүү өөрчлөлттэй холбогдуулан олон улсын хүний эрхийн “Эмнести Интернэшнл” байгууллагаас ил тод байдал, олон нийтийн оролцооны баталгааг дордуулсан зохицуулалтыг түдгэлзүүлж, залруулах арга хэмжээ авахыг хүссэн албан бичгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга болон гишүүдэд хүргүүлсэн юм.
[…] шинэчлэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина […]