Ардчилсан намын бүлэг хуралдаж, дараах мэдээллийг өглөө.
Бүлгийн дарга О.Цогтгэрэл,
“Өнгөрсөн хоногуудад МАН, Засгийн газрын зүгээс мушгин гуйвуулсан мэдээллүүдийг нийгмийн сүлжээнд тарааж байна. Ардчилсан нам УИХ-ын чуулганыг бойкотолж байна гэж байна.
Олонх болж, засаглаж бодлогоо хэрэгжүүлнэ гэсэн улс төрийн хүчин дотоод зөрчлөөсөө болж УИХ-ын үйл ажиллагааг гацааж, зогсоочхоод бусад руу нялзааж байгаа нь хэт өрөвдмөөр улс төр шүү. Энэ увайгүй үйлдлээ зогсоох шаардлагатай.
Хоёрдугаарт, АН Засгийн газрыг огцруулах гэж байна гэдэг мэдээллийг зориудаар тарааж байна. 68 нэмэгдээд 80 суудалтай улс төрийн хүчин дотооддоо үйл ажиллагаагаа зохион байгуулаад, эв нэгдэлтэй байхад огцрох асуудал яригдахгүй. Огцруулах эсэх эрх нь олонход байгаа. Цөөнхт болохгүй байгаа зүйлийг сануулж, хэлж, хариуцлагын асуудал ярих үүрэг бий.
Цөөнхийн үүргээ биелүүлэхгүй, энэ байр сууриа илэрхийлэхгүй бол бид энд суухын хэрэггүй. Цөөнх ажлаа хийж байна. Олонх тогтвортой байдлаа хангаад УИХ-аа хуралдуулаад, бодлогоо хэрэгжүүлэх үүрэгтэй. Тийм учраас цаашид Ардчилсан нам олонх ирцээ бүрдүүлж орсон тохиолдолд УИХ-ын үйл ажиллагаанд оролцоод явах бүрэн дүүрэн боломжтой.
Гуравдугаарт, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг АН оруулж ирэхийг шахаж байна гэдэг зүйлийг мөн түгээж байна. Энэ асуудал бол шинээр зохиосон зүйл биш. Олон улсын парламентат ёс хөгжсөн орнуудад байдаг арга механизм. Төсвийн хэлэлцүүлэг явж байна. Ерөнхий сайдын хувь хувьсгалын асуудал сөхөгдөж байна. Энэ үед бид хариуцлага ярихгүй юм уу. Чимээгүй суугаад байх юм уу. Олон нийтийг хууран мэхэлсэн төсөв оруулж ирсэн. Цалин тэтгэвэр бодитой нэмэгдэх ёстой. Үнийн өсөлтөөр идчих бодлого оруулж ирчхээд ард түмэндээ хайртай гэж яриад, пи ар хийгээд яваад байж болохгүй” гэв.