2024 онд бид төлөөллөө болгож, 126 хүнийг парламентад сонгосон. Тэднийг УИХ-ын гишүүн гэнэ. Бүрэн эрхийнх нь хугацаа талдаа орчихлоо. Гэтэл тэдний байж байгаа царай, улс орны аж байдал ямар байна вэ. “Дагдангийн эхнэрийн таргалсан Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ” гэдэг шиг л болж байна. Эх адаггүй тэд одоог хүртэл зөвхөн хувийн эрх ашгийн төлөө л зогссоор байна.
Жагсаалтын гишүүд өндөр боловсролтой, парламентад орж ирээд гийгүүлнэ, маргаашийн нарыг мандаана гэсэн алга. Луйхруудаараа толгой хийж, өөрсдөө хөл нь болж дагаж гүйсээр хоёр жилээ залгиулчхав. “Шинэхэн дээрээ соньхон” гэдэг шиг итгэл төрүүлж байсан өнөөх эрдэм номтой, олон улсын туршлагатай шинэковууд улам л буруу туршлагажиж, ах нарынхаа заасан замаар гүйлдэх болов.
Эрх баригч нам сүүлийн хоёр намар дараалан хэнд ч хэрэггүй хэрүүл хийлээ. Ганц намын дотоод хагарал улс орныг даяар нь нөмөрч, УИХ-ын үйл ажиллагаа гацаж байна гэдэг өөрөө олон зүйлийг илэрхийлнэ. Дундаа нүүрс, ЖДҮ хулгай, ногоон автобус гэхчлэн том, том дээрэм, хэргээ хаялцаж талцдаг байсан бол асуудлууд улам жижгэрсээр хоёр, гуравхан гишүүн хоорондын гомдол, тунирхал руу орлоо. Нэг нь гүтгэлээ гэдэг, нөгөө нь гүтгэж байна гэдэг. Сүүлдээ хоорондын хэрүүл, гоморхлоороо тээг хийж, чуулгандаа суухгүй, ирц бүрдүүлэхгүй гээд хэнэггүй яриад зогсдог гишүүдтэй болов. Ингэтлээ уруудаж байна, бид.
“Ард түмний элч байна, улс эх орны эрх ашиг нэгдүгээрт” гэж тангараг өргөсөн тэд л үнэндээ эх орноо “хөмрөх” гэж байна. 2026 оны төсвийн тодотгол батлагдаагүй. 2027 оны төсөв хэлэлцэгдэж эхлээгүй. Гэтэл ил цагаан нэгнээ шантаажилж, сандал суудал дээр “алалцсаар” байна. Төрийн ордон ч гадаа, доторгүй хэрүүл ханхлуулсан газар болж хувирлаа.
Эндээс иргэд хожихгүй нь мэдээж. Харин хамгийн их хохирол амсана. Иргэдийн дунд “биднээс тэнэг хүн л тэнд суув гэж” гэдэг яриа бий. Аргаа барж, гайхах нь барагдахдаа ингэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, худал амлалт, гоё сайхан цэцэрхэлд итгэхээ болиод удаж байна. Харин эрх баригчид, эрхэм гишүүд чихэр жимс, аяга шанага, боов боорцогхоноор хуурчихна гэдэг хуучин сэтгэлгээгээ халаагүй л явна. Томоор хараад, хараад халамжийн бодлогоо л өргөжүүлэх гэдэг.
Өдрөөс өдөрт уруудан доройтох улс эх орон, мөнчигрөөрөө хөдөлмөрлөөд нар үздэггүй иргэд, мөрөөрөө ажиллаад дээш гардаггүй залуус. Энэ бүхний гацааг тэд л зангидаж байна.