Иргэд шатахуунд дугаарладаг тусгай цагтай болсон. Орой ажлаа тараад, өглөө эрт эсвэл өдөр цайныхаа цагаар гэх мэт. Нэмээд иргэдийн бухимдал, илэрхийлэх байдал сарын өмнөхтэй харьцуулахад буурсан анзаарагдаж байна. Нийгмийн сүлжээнд ч энэ сэдэв улиг болчихлоо. Гэхдээ хомсдол хэвийн болоогүй, урт дараалалд олон цагаар дугаарласан хэвээр.
Өөрөөр хэлбэл бид энэ байдалдаа дасаж, өдөр тутмын амьдралын нэг хэсэг мэт хүлээн авч, хүлээн зөвшөөрөөд эхэллээ. Эрх баригчид ч өдөр бүр ийм тулгалт хийж, өөр гарцгүй гэдэг мессеж тасралтгүй өгсөөр өнөөдрийн дүр зураг руу авчирч чадлаа. Монгол хүнийг аливаад дасан зохицохдоо сайн гэж тодорхойлдог. Харин ийм нөхцөлд дасна гэхээр!
Шатахууны хомсдолыг дагаж үнэ нь нэмэгдсэн. Харин шатахууны үнийг дагаад идэж уух, өмсөж зүүх гээд амь амьжиргаатай холбоотой юм бүхний үнэ нэмэгдсээр. Сонирхолтой нь үнэ хэзээ ч буцаж буурдаггүй. Бид энэ байдалд мөн л дасчихсан. Ингээд харахаар манай оронд дасна гэдэг уруудахын л нэр болж хувирчээ. Бид дасахынхаа хэрээр уруудсаар байна.