ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн мэдэээлэл хийлээ. Тэрбээр,
“Хууль зүй дотоод хэргийн яамнаас эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг яаравчилсан горимоор өргөн барилаа. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсанаар Монгол Улсын хэмжээнд 2,173 дуусаагүй орон сууцны мэдээллүүд ил тод бус байгаагаас болоод, мөн захиалгын гэрээ байгуулахтай холбогдуулж залилан үйлдэх асуудлууд асар их байна. Дээрээс нь зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн, дулаан инженерийнхээ зөвшөөрлийг аваагүй, шугам сүлжээнд холбогдоогүй, мөн иргэдийн эрх ашгийг хохироосон. Эсвэл зөвшөөрөлтэйгөөр барилгын ажлыг эхлүүлчхээд санхүүгийн хүндрэл, дампууралд орсон, барилгын ажил нь дуусдаггүй тохиолдлууд байна. Гурвалсан гэрээтэй асуудлууд ч байна. Энэ бол тухайн компани нийслэл болон худалдан авагч иргэнтэйгээ гэрээ байгуулаад орон сууц авах хүсэлт гаргаж байгаа иргэний газрыг дахин төлөвлөлтөд оруулаад орон сууцтай болгон гэж амласан ийн асуудлууд байна.
Энэ хүрээнд маш олон иргэний эрх ашиг хөндөгдөж байгаа. Цаашид хууль эрх зүйн талаас буюу дахиж ийм асуудал гаргахгүй байх үүднээс энэ хуулийг оруулж ирж байна. Хуулийн хүрээнд УИХ-ын долоодугаар сарын 2-ны өдөр гарсан тогтоомжийн дагуу төр өөрт байгаа бүх мэдээллүүдээ ил тод болгож, иргэд хяналтаа тавих эрхийг нь хамгаална.
Барилгын зураг зурагдаад, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг аймаг нийслэлийн засаг дарга нар олгохоос эхлүүлээд тухайн сууц болгон нэг бүртгэлтэй, кодтой болно. Мөн нэг гэрээтэй байна. Давхардуулж захиалга хийх, залилан хийх боломжгүй болно. Жишээ нь, нэг компани 70 айлын орон сууц барилаа гэж бодоход тухайн 70 айл тус бүр дахин давтагдашгүй “QR” кодтой болно гэсэн үг. Хүнээр бол иргэний үнэмлэхтэй боллоо гэсэн үг. Тухайн кодоо орон сууцтай холбоотой бүх харилцаандаа ашиглана. Бүртгэлжүүлэлтийн системээр эрсдэлийг хааж байна аа гэсэн үг.
Аймаг, дүүрэг, нийслэлийн засаг дарга нар зөвшөөрөл олгосноосоо хойш 3-4 хоногийн дотор улсын бүртгэлд мэдээллүүд ирнэ.
“И-Монголиа” дээр гарч ирнэ. Зөвшөөрөлтэй бүх барилгуудыг 11 дүгээр сарын 1 гэхэд цахимд оруулна. 11 дүгээр сарын 15 гэхэд зөвшөөлгүй ч байсан эхэлсэн, дуусааүй бүх барилгуудыг цахим бүртгэлд оруулна. Улсын бүртгэлийн ерөнхий газар “И-Монголиа” дээр “Баталгаат байр” гэдэг цахим мэдээллийн санг бий болгохоор ажиллаж байна.
Цаад талын хугацаа 11 дүгээр сарын 15-нд ашиглалтад орно. Үүнээс гадна хувийн хэвшлийнхэн ч гэсэн цаашид ийм мэдээллийн сангуудыг авч ашиглаж иргэдэд үйлчилгээ болгож хүргэх чөлөөтэй эрхийг нь нээж өгнө” гэлээ.